About Me

My photo
"Who said nights were for sleep"

Monday, November 29, 2010

Hairiin tuluukh suulchiin temtsel 3

Соёлоо гэж сайхан нэр шүү хэмээн нэгэн үл таних бүсгүй нүүр лүү нь эгц харан хашгирах дуунаар цочин нойрноос сэрэв. Ямар сонин зүүд вэ, шал танихгүй хүүхэн миний нэрийг хэлж байдаг чинь, учир утгатай зүүд юм бол уу хэмээн дотроо бодсоор нүдээ нухан орноосоо өндийлөө. Аль хэдийнэ өглөө болж, зуны наран нүүр дээр нь илч дүүрэн цацрагаараа наадаж байлаа. Соёлоо дулаахан орондоо хоргодсон ч үгүй тэр дороо босоод, унтлагын хувцастай чигээрээ тагтныхаа хаалгыг цэлийтэл нь нээж өглөөний цэнгэг агаарыг цээж дүүрэн амьсгалав. Аль багын л харанхуйгаас айдаг байсан тэр хэвээрээ, тэрээр одоо болтол ганцаараа хонохоос айдаг болохоор оройдоо тагтаа янгинатал түгжээд, айн айн унтдаг билээ. Ай даа дандаа л ингэж ганцаараа хонох дэндүү хэцүү юм даа, дасахгүй байсаар  аягүй бол гучин нас хүрэх байх гэж өөрийгөө шоолонгуй бодох зуураа унтлагынхаа өрөөний том толины өмнө зогслоо. Хүүе баруун зовхины доогуур үрчлээ гарах нь уу даа гэж дуу алдаад Соёлоо толинд өөрийгөө ойрд ажаагүйгээрээ нэг бүрчлэн сайтар ажиглав. Соёлоо одоо хорин дөрвөн настай, дээд боловсролтой, өөрийгөө хөөрхөн гэж ам бардам хэлэхгүй ч гэсэн, муухай гэж бас л боддоггүй ээ. Мөрөө давсан шулуухан үстэй, дунд зэргийн нуруу зөв хэлбэртэй нүүр, учиргүй гоолиг биш ч галбиртай нэгэн билээ. Хувцсаа тохируулж өмсөөд нүүрээ тааруулаад будахад, бас ч гэж эрчүүдийн харааг булаахаар л хүүхэн гэж өөрийгөө дүгнэдэг нэгэн. Дунд сургууль, бас их сургуульдаа найз нөхөд олонтой адтай л охин байсан сан, даанч хайрын тэнгэр түүнд нэг л таагүй хандаад байдаг юм шиг санагдана. Гэнэт гар утас нь хангинан мэссэж ирэхэд давхийтэл цочин бодлоо тасалж, за байз энэ хар өглөөгүүр хэн нь мэссэж бичдэг байнаа, юу болсон юм бол гэсэн шүү юм бодсоор утсаа шүүрэн авч нээн уншвал “Сайн уу, өнөөдөр юу хийх гэж байна даа. Манай ажил дээр ирж хооллох уу, сониноос нөгөө залуу чинь өнөөдрөөс ажилдаа орж байгаа юм байна. Чи ирж харахгүй юм уу” гэсэн зурвас дотных нь найз Туяакагаас нь ирсэн байлаа. Зүрх нь нөгөө залуу гэсэн хоёрхон үгийг уншаад л хүчтэй гэгч нь цохилж, нөгөө залуу, нөгөө залуу гэж бодонгуут хар аяндаа сэтгэл нь хөдлөн амьсгаа нь давхцаад эхлэх ажээ. Тэр залуугийн дүр төрх нь анх харсан тэр мөчөөс эхлэн Соёлоогийн сэтгэлд хадагдаж орхисон билээ, гэхдээ зүгээр ч нэг хадагдаагүй ээ. Бүүр зүрхнийх нь мухарт орчихоод, гарахаа байж сэтгэлийн гүнд оч асаан гэрэлтүүлж байдаг болсон сон. Соёлоо цаг харвал арван цаг өнгөрч байсан тул тэр дороо ороо хурааж орхиод, өдрийн уулзалтанд эртлэн бэлтгэхээр хувцасныхаа шүүгээг онгичиж эхлэв. Ердөө долоохон хоногийн өмнө сайн найз Туякагийн ажил дээр нь очиж гэрийхээ компьютерийг засуулахдаа анх түүнийгээ олж харсан сан. Засварын хэлтэст ажилладаг жирийн л залуу анх компьютерийг нь хүлээн авч, ямар гэмтэл илрээд байна хэмээн даруухан асуугаад түүнрүү харахад нүдний харцаар нь дамжаад бүх биед нь цахилгаан гүйдэл сулхан цохих мэт жирсхийгээд, асуултад нь хариу хэлэх нь байтугай ам нь нээгдэхгүй гацаж орхисон билээ. Азаар хамт байсан Туяка түүнийг гайхан хараад асахгүй байгаа гэнээ, яасан ийснийг нь мэдэхгүй нь, Төөгөө минь чи л нэг учрыг нь олж үз гэж хэлчихээд, Соёлоог хүлээлгийн сандалд түлхэх шахам суулгаад одоохон гэж амандаа үглэсээр өрөөнөөс гарч одов. Соёлоо өнөөх залууг юу хэлэхийг хүлээн сандал дээр суунгаа, компьютерийг нь онгойлгон үзэх залуугаас нүд салгаж чадахгүй байв. Тэгтэл ч удсангүй нөгөө залуу арваад минут болов уу үгүй юу компьютерийг нь тэврэн хажуугийн ширээнд нь авчирч тавиад, жаахан тохиргоо нь алдагдсан байна тэрийг нь тохируулчихлаа, хамаагүй фолдеруудыг дур мэдэн  устгаж болдоггүй байхгүй юу гээд алив нааш ир дээ хэмээн өөрийнхөө компьютерийн дэргэж зогсоож, ойр зуурын жаахан ч гэсэн хэрэгтэй зөвлөгөөнүүдийг сэтгэлд хүрсэн дөлгөөхөн намдуу хоолойгоор хэлж өглөө. Тийм үү, аан тийм байна хэмээн бувтнаж байтал Туяка хаалгаар ороод ирэв. Туякаг хараад л Соёлоо овоо сэхээ орж баярлалаа гэж хэлээд өөдөөс нь инээмсэглэж амжсан билээ. Аль багын л хэлтэй амтай байсан Туяа за дууссан уу, овоо хурдан засчихсан байх шив, алив явья явья хэмээгээд Соёлоо рүү нэг л сонин харц шидээд нүдээ доогтой ирмэлээ. Ингээд тэр хоёр тэндээс гарч өдрийн хоол идэхээр хамтдаа гарав. Замдаа Туяка хүүе ээ энэ Төөгөө чамд ёстой сүйд болж байх шивдээ, аягүй томоотой залуу байхгүй юу, тэгээд бүүр чамайг хажуудаа зогсоогоод юм хум ярьж байна шүү дээ, та хоёр юу ярив хэмээн шалгааж эхлэв. Соёлоо харин тэр залуугийн тухай бүгдийг бүүр бүх зүйлийг нь мэдмээр санагдаад, Туяагаас асуумаар бүр хашгирч асуумаар санагдаж байсан боловч ёстой л хэлээ хазан өнгөрч юу ч яриагүй ээ, ойр зуурын хэрэглээ зааж байна, би бараг өөрийнхөө буруугаас болоод эвдэх шахаж хэмээн хэлээд огт өөр юм асуун дүйвүүлжээ. Тэгээд гэртээ харин ганцаар үлдсэн хойноо зөөлөн сандал дээр тухлан суугаад түүнийг тухтайхан дахин дахин бодлоо. Өндөрдүү нуруу, бас өөлсөн хүн бас жаахан махлагдуу биетэй, давхраатай нүд, бор царай түүний нүдэнд тодхон бууна, бас тэр биеэ авч яваа байдал нь цаанаа л нэг жинхэнэ эр хүн шиг санагдаад байсан. Отверк барьж байсан гар нь ч эр хүний гар, нэр нь Төөгөө гэсэн , яг хэн юм бол Туяка одоо бүтэн нэрээр нь дуудахад яадаг байнаа хэмээн гэмгүй түүнд дотроо уцаарлав. Соёлоо түүний тухай бодсоор,  дүр төрхийг нь дахин дахин санан суусаар л байлаа. Түүнд саад болох хүн байхгүй ээ. Тэрээр их сургуулиа төгсөөд хоёр сар гаруй болсоны дараа амарч гүйцлээ, одоо гадаадад сурч бие даан амьдарна гэж гэртээ шийдвэр гаргасан ажээ. Ингээд л аав нь дэмжиж, ээж нь чимээгүй сууснаар Соёлоо ялагч болоод холын Япон оронд хэлний курст явах, бас ч үгүй жаахан ажил хийхээр болсон билээ. Газар дээрх ганц эгчийнх нь нөхрийн дүү тэнд сураад хоёр жил болж байгаа. Эхлээд тэрэнтэй хамт гурван сар болоод, дараа нь өөрөө хөлөө олоод амьдарна хэмээн аав ээждээ ухуулаад, хоёр сарын дараа виз гарсаны баярыг найз охидтойгоо нижгэр гэгч нь тэмдэглээд, арлын Японыг зорин ниссэн нь тэр. Харин эх орондоо хайртай хаашаа ч явахгүй гэдэг байсан Соёлоог яагаад алс газар одох болсон шалтгааныг өөрөөс нь өөр хэн ч мэдсэнгүй ээ. Зүрхнийхээ гүн дэх хайрын их шархаа эдгээх л гэж, зөвхөн энэ шалтгаанаар Соёлоо холын орныг зорин нисэхдээ цаг хугацаа, бас энэ орон зай түүний шархыг эдгэхгүй юмаа гэхэд сэтгэлийн гүн дэх шаналалыг нь багасгах байх гэж найдаад эх орон, хайр сэтгэлээ орхин нисч одсон билээ. Буянт-Ухаагийн буудалд гэр бүлийнхэнтэйгээ юмаа мартан буцсаар, жаахан хожимдонгуй ирсэн тэрээр аравдугаар сарын бүүдгэр өдрийг хүлээж, бас айн зүрхшээж угтаж билээ. Нисэх буудлын хаалгаар ортол хамгийн түрүүнд найз охид нь бяцхан бэлэгтэй уут барьчихсан хүлээж байлаа. Бас ангийнх нь найзууд ч ирчихсэн шаагилдан зогсоцгооно. Харин Соёлоо дотроо Ханболдыг ирчихсэн байгаасай хэмээн нэг бүрчлэн бүртгэж харсан боловч алга байлаа. Гэрээсээ гарахдаа явлаа хэмээн догдолж байсан сэтгэгдэл тэр дороо л унтарч орхив. Яагаад ч юм бүү мэд ээжийнх нь үнсэлт хүртэл  сэтгэлийг нь тэгтэл  ихээр хөдөлгөсөнгүй, ердөө л зуслан яваад ирэх юм шиг сэтгэгдэл төрж, бушуу эндээс явмаар ч юм шиг санагджээ. Ханболд түүнийг өнөөдөр явна гэж мэдэж байсаан, тэгээд түүнийг баяртай гээд хүрээд ирнэ гэж Соёлоо яагаад ч юм итгэж байсан билээ. Зөн совин нь Ханболд заавал ирнээ, тэгээд түүнийгээ сайн хараад ав гэж түүнд шивнэж байсан нь худлаа байж. Урд шөнөжин зөвхөн Ханболдыг ирээсэй гэж бурханаас гуйж, жаахан ч гэсэн цурам хийлгүй хоносон, бас зөвхөн түүний л зургуудыг аяныхаа цүнхэнд эвтэйхэн хийгээд явж байгаа билээ. Арай ч дээ, Ханболд яагаад түүнд ийм хатуу хандана вэ? Тэр түүний анхны хайр, анхны үерхэл, анхны үнсэлт гээд л хамгийн нандин сайхан дурсамжуудын эзэн билээ. Чи ганцхан минийх гэж зүрхнээсээ шивнэж байсан тэр Ханболд ирсэнгүй ээ. Хайр сэтгэлийнх нь цорын ганц эзэн болсон Ханболд нисэх буудалд ирж гаргаж өгөх нь битий хэл, хүний урманд утсаар сайн яваарай ч гэж хэлсэнгүй танихгүй хүн адил огт тоомсоргүй, чив чимээгүй үлджээ.Онгоц хүчээ аван хурдалж удалгүй газраас хөөрөн харь орны зүг нисэн одлоо. Онгоцон дотор хүн бүр л өөр өөрийн бодолд автах нь автаж, юм хумаа янзлах нэг нь янзалж, суудалдаа шигдээд хэнд саад бололгүй чимээгүйхэн бас гомдолтой гэгч нь мэгшин уйлж байгаа Соёлоог нэгээхэн ч хүн анзаарсангүй ээ. Энэ түүний зорин одсон шинэ амьдралынх нь эхлэл байлаа. Яг энэ үед есөн давхар байрны нэгэн цонхон дээр хэн нэгэн гуч гаруй минут цонхны шилэнд нүүрээ нааж, алс холыг ширтэн хөдөлгөөнгүй зогссоор. Гар утсаа хөлөрсөн гартаа тас атгасан түүний царай ууртай ч гэмээр эсвэл энэ чигтээ хөшсөн ч гэж хэлмээр харагдана. Түүний сэтгэлд эрчилсэн хуй салхи эргэлдэн, зүрхийг нь нэг дайран, нэг тойрон өнгөрөх шиг санагдана. Ярих уу эсвэл болих уу ...? Тэрээр Соёлоог явах хүртлээ гар утаснаасаа салахгүй түүнийг хүлээж байгаа гэдгийг хараагүй ч гэсэн мэдэрч байгаа тэрхүү хайрын эзэн Ханболд байлаа. Сэтгэл зүрх нь яриач яриач гэх шиг боловч, тэрээр өөрийнхөө шийдсэн шийдвэрт үнэнчээр үлдэхээр шийдэв. Гар утас шалан дээр чимээгүйхэн уналаа, одоо Соёлоо нисээд явчихсан. Зүрх сэтгэлээсээ түүний тухай бүхий л зүйлийг, бүх дурсамжийг нь арчиж мартах хэрэгтэй. Өөрийнхөө удтал эргэцүүлэн бодож гаргасан шийдвэртээ үнэнч байх хэрэгтэй. Ханболд орон дээрээ суулаа, суух гэхээсээ бараг унаад өглөө. Түүний гаргасан шийдвэр өөрт нь ийм хүнд байх юм гэж тэрээр даанч төсөөлсөнгүй ээ... 
Сарын дараа гэхэд Соёлоо арлын Япон оронд Токио хотын гудамжаар хажуугаар нь зөрөн  өнгөрөх мянган мянган хүний дунд өөрийн сургуулийг зүглэн яарсхийн алхаж явлаа. Хэлнийхээ курс орчихсон, токио хот түүнийг тийм ч муу угтаж авсангүй ээ. Эх орондоо л байх дуртай гэж ярьдаг байсан тэрээр одоо харин энд ирсэндээ нэг бодлын олзуурхмаар санагдана. Ямар ч хэлний бэлтгэлгүй байсан Соёлоо хичээл ном, бие даан хэлээ давтах гээд л үй түмэн ажилтай болсноор, Ханболдод гомдсон сэтгэлийн шарх нь бүрэн эдгээгүй боловч, байнга толгойд эргэлдэн зүрх шимшрүүлэх нь үгүй болжээ. Сургууль дээрээ очоод имэйлээ шалган үзвэл найз Туяка нь мэйл ирүүлсэн байлаа. Анги хамт олны сонин сайхан, монголд нилээн цас орчихсон хүйтэн байгаа тухай, мөн хамгийн сонирхолтой нь Ханболд англи руу сургуульд сурахаар явсан тухай цухас дурдсан хэсэг байлаа. Сураг дуулвал бараг дөрвөн жилээр явж байгаа гэнээ хэмээн бичжээ. Ханболд англи явах болсон нь гайхалтай хэрэг биш гэж үү. Магадгүй явах болсон нь түүнээс салах шалтгаан байсан ч байсан юм бил үү. Түүний хойноосоо зүүгдэнэ гэж, бүүр арай тэр хөгжилтэй оронд Соёлоо гологдоно, өөр хүн дагуулж явдаг хэрэг ээ гэж бодсон бол яана. Соёлоо ийнхүү тэр орой түмэн зүйлийн юм бодсоор эцэстээ өөрийг нь гомдоосон Ханболдыг хайрлаж зүрхээ шаналгахаа больё, ер нь эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэдэг л энэ байхдаа, хар багаасаа өөртөө дасгачихаад өөрөөс нь өөр хүнийг сэтгэлдээ бодох нь битгий хэл эгцэлж ч хардаггүй болсон хойно эцэст нь гэнэт хөндийрөөд яваад өгдөг. Ер нь Ханболд ч биш бүх л залуус ийм байдаг байх, одоо тэрнийг бодож байхаар урдах хичээлээ анхаарая. Бүүр эндээ найз нөхөдтэй ч болоё, тэр Ханболд одоо англид найз охинтой болоод хөтлөлцөөд ч явж байгаа ч юм бил үү. Ямар ч байсан Ханболдод сайн сайхан яваагаа харуулж, дуулгах юм шүү хэмээн бодсоор үүрээр шахуу нойрондоо дийлдэн унтлаа. Соёлоогийн хэлний курсын Гэрэлт хэмээх охин Соёлоотой ойрхон сууж элдвийг ярих их дуртай, сүүл сүүлдээ тэр хоёр нийлэн завтай өдрөө жинхэнэ шоудаж өгдөг боллоо. Гэрэлт нь өөрөөс нь нэг насаар эгч бөгөөд Токио хотод сурдаг ажилладаг монгол  залуусын ихэнхийг таньдаг гэж хэлэхэд буруудахгүй ээ. Найз нөхдөө санаад ч тэр үү Соёлоо тэдэнтэй эхний хэдэн сар их л найзархуу байж тэмдэглээгүй төрсөн өдөр, тэмдэглээгүй баяр ч гэж байхгүй болсон билээ. Энэ үед Соёлоо залууст бүүр ч их итгэхээ байлаа, эх оронд нь хайртай бүсгүй нь эсвэл үр хүүхэд хань ижил нь хүлээж байхад, энд залуус ихэнх нь хоорондоо хэлцсэн юм шиг л охид хүүхнүүд эргүүлцгээнэ. Соёлоог найзлая үерхэе гэсэн хэд хэдэн залуу байсан ч нэгэнд нь ч нүүр өгсөнгүй, хэн нь түүний сэтгэлийг хөдөлгөсөнгүй. Нэгэн удаа өөрийг нь эргүүлээд удаж байгаа Амар гэх нэгэн томоотой залууг өрөвдөн хамт кино үзсэн сэн, тэгээд кино тараад гэрлүүгээ хүргүүлээд явж байхдаа Амар гараас нь санамсаргүй хөтлөтөл, Соёлоо галаар хайруулсан мэт угз татан авсан билээ, нэг л буруу хэрэг хийсэн ч юм шиг санагдаад. Тэгээд ч Ханболдыг гэнэт санагдуулаад, сэтгэл нь үймэрсэндээ дахин түүнтэй уулзаагүй билээ. Хичнээн ч хичээгээд Ханболдоос өөр хэнд ч дурлаж, хэнийг ч харж, хэнийг ч бодож чадахгүй болсоноо дотроо ухаарах нь гачлантай.Тэрнээс хойш нэг ч удаа залуустай уулзалгүй курстээ суралцан, цагийн  ажлаа хийсээр байгаад хоёр жилийг ардаа орхин, буцаад эх нутаг руугаа явсан. Буянт-Ухаад буухад дөнгөж сая орсон борооний дусал хатааж амжаагүй бөнжийн гялалзан, цардмал замын хажуугаар бяцхан шар цэцгүүд шахалдан ургасан байхыг шимтэн ажив. Ай энэ цээж дүүрэн амьсгалах цэнгэг агаар уу, юугаар ч сольшгүй эх нутаг минь. Өнгөрсөн жилүүдийн турш Соёлоо анх удаа сэнгэнэсэн агаарыг цээж дүүрэн шуналтайяа залгиллаа. Эх нутагт нь  зургадугаар сарын зуны улирал хамаг л гоёлоо өмсөөд Соёлоог угтан авчээ. Гэрийнхэн нь бүгд л тосохоор иржээ, тэднийх шарга морьтод зусландаа гараад удаагүй байгаа ажээ. Харин Соёлоо тэндээ хэдхэн хоноод жаахан амарч аваад, ажилд орохоор шийдэн одоо хотынхоо гэртээ ганцаараа үлдээд байгаа нь энэ.Төөгөө гэгч залууг анх харсанаас хойш бараг л түүний тухай боддог ажил хийж байгаа гэхэд хилсдэхгүй ээ. Соёлоо өөрийгөө ч бараг ойлгосонгүй, жаахан охин шиг өөрөө зохиож бодоод, түүндээ баярлаж, тоохгүй болов уу ч гэж бодох шиг сэтгэл нь нэг л хөдлөөд, байж суух газраа олж ядлаа. Ерөөсөө л ажил дээр нь өөрөө яваад очиё, ядаж бүтэн нэрийг нь мэдэж авая гэж шийдэв. Нүүрэмгий хэл амтай байсан бол яасан сайхан бэ, зарим охид хүүе хаая гэхийн завдалгүй хүнтэй танилцчих юм байна лээ. Би болохоор олигтой уулзах шалтаг ч бодоод олчихгүй юм хэмээн Соёлоо замдаа өөрийгөө зэмлэн уулзах шалтаг бодсоор алхаж гарав. Өө нээрээ тийм яг ингээд хэлчихэе, компьютертээ флаш диск хийхээр шатаад байна, хоёр удаа дараалаад эвдэрлээ. Яасан юм бол очоод үзээд өгөөч. За арай ч болохгүй ээ, би аваад ирье дахиад үзээд өгөөч гээд хэлчихэе. Ээ ерөөсөө очоод үзээд өгөөч гэе. Гэртээ ирэхээр нь сайхан кофе аягалж өгөөд, дараа мэдэхгүй юмаа асууж байя утсаа өгчих гээд шууд хэлчие. Ингэж шийдээд Соёлоо Туякагийн бас Төөгөөгийн ажлын газар ирээд, үүдээр нь орох гэтэл нүүр нь өөрийн эрхгүй улайн өөрөөсөө ичээд буцаад алхлаа. Хэсэг яваад зог тусав... 
Гэртээ ч очоод дахиад санаж байснаас, ороод харчихаад яваад өгсөн нь дээр гэж шийдээд буцаад зоригтой гэгч нь хаалгыг нь татан оров. Туяка ажилруугаа очиж явтал нэг сонин зүйл харах нь тэр. Соёлоо ажилруу нь орох гэж явааг харлаа, ирнэ энэ тэр гэж хэлээгүй дээ энүүгээр явж байгаад л дайраад гарах гэж байгаа юм байлгүй гэж бодоод хурдан хурдан алхаад ойртоод ирвэл, Соёлоо ажлынх нь үүдэнд ирсэнээ гэнэт оролгүй буцаад яваад өгөхийг харах нь тэр. Туяка гайхан дуудах гэснээ доошоо хараад байгаа болохоор нь юмаа гээсэн болов уу гээд бараг хойно нь очтол, эргээд ажилруу нь шийдэмгий гэгч  нь явахаар араас нь  чив чимээгүй гэгч нь дагалаа. Ороод нилээд яваад Соёлоо засварын жижиг өрөөнд орлоо. Тэнд Төөгөө байсангүй,харин өөр нэг залуу компьютер тоглоом тоглож байгаа бололтой хийсэн зүйлгүй сууж байв.Соёлоо хэсэг эргэлзсэнээ зориг гарган Төөгөө байгаа бол уу гэж асуутал, нөгөө залуу өөдөөс нь харан ямар Төөгөө Төгөлдөр юм уу Төгсөө юм уу хэмээн эргүүлээд асууж орхив. Соёлоо сандрахын дээдээр сандарч нүүр нь жинхэнээрээ улайж эхлэхэд ард нь Төгөлдөрийг өө,  Төгөлдөрийг л асууж байна хаашаа явчихсан юм бэ, энд байгаа юм уу гэж яг л хамт яваа хүн шиг дуу гарлаа. Соёлоо гайхан эргээд хартал Туяка шоолонгуй гэгч нь өөдөөс нь инээгээд харж байх бөгөөд харц нь баригдсан даа баригдсан даа хэмээн тас тас хөхрөн хэлж байх шиг санагдлаa. Аан Төгөлдөр чөлөө аваад хөдөө явчихсан даа. Ирэх долоо хоногоос ирнэ хэмээн өнөөх залуу хариулаад, үргэлжлүүлэн тоглож гарав. Тийм үү алив гарая гарая гээд Туяка ичиж улайсан Соёлоог дагуулан гадаа гарлаа.  За тэгээд дахиад компьютер чинь эвдрээ юу, эвдэрсэн юм бол бариад ирэхгүй яагаад орхиод ирээв хэмээн Туяка инээд алдан Соёлоогоос асууна. Үгүй харин тийм жаахан эвдрээд юм асуух гээд хүрээд ирлээ хэмээн үгээ олж ядан байгаа Соёлоог хараад за найздаа үнэнээ хэлчих манай ажлын залуу таалагдаа юу, эсвэл дурлаа юу гээд Туяка шалж гарав. Соёлоо аргагүйн эрхэнд хамаг үнэнээ Туяад өчихөөс өөр арга олдсонгүй. Ямар сонин юм, чиний нөгөө хүн халдаадаггүй хөндий хүйтэн сэтгэл чинь хаачаа вэ хэмээн шоглон асуугаад, за за үнэхээр таалагдаад байгаа юм бол найз нь ирэхээр нь танилцуулаад сайхан шоу зохиогоод өгье хэмээн ам алдлаа. Соёлоо өөрийн эрхгүй баярлан зөвшөөрөөд, тэрнээс хойш өнгөрөх өдөр бүрийг тоолон Туякагаас ирэх хэл чимээг хүлээн сууж байтал, харин өнөө өглөө хүсэн хүлээж байсан мэссэж нь иржээ. Соёлоо Төгөлдөртэй уулзахад зориулан өөрийгөө хэр чадлаараа гоёлоо. Өөртөө хамгийн их зохидог хүзүү цээжээ үл ялиг ил гаргасан нимгэн цамцаа өмсөж, хол газраас авч ирсэн ганган сандаал, үл ялиг бариу юбкатай сонгон өмсөөд, толины өмнө эргэлдэн ажлаа. Үгүй ээ арай л ганган байх шиг байна уу даа, за зун цагт чинь бүгдээрээ л ийм хувцас өмсдөг шүү дээ хэмээн өөрийгөө тайтгаруулсан боловч дахин шүүгээгээ онгойлголоо. Төгөлдөр тэгсэн чинь даруу охидод дуртай байвал яана аа. Даруухан подволк пүүзээ өмсөөд явдаг юм билүү, үгүй яаж энэ хар халуунд пүүз өмсөж явах билээ хэмээн толгойгоо гашилган, хамаг хувцсаа гарган, нэг өмсөж нэг тайлж байж арай гэж хувцаслаж дуусав. Сонин юм даа Ханболдтой уулзахдаа ч ингэж хамаг хувцасаа хөглөрүүлж байгаагүй юм даа гэсэн бодол тэрүүхэн хооронд толгойд нь харван орж ирэв. Дараа нь нүүрээ жаахан бүдэгхээн будах гэтэл гар нь бараг салгалж байгааг анзаарлаа. Юу л болоод догдлоод байна даа би.Ганцхан удаа харсан залуугийн төлөө ингэж хүчтэй зүрх цохилно гэж үү, ямар жаахан арван жилийн сурагч байгаа бишдээ ингэж хаа хамаагүй хүний төлөө догдлоод байхдаа яахав хэмээн Соёлоо өөрийгөө дотроо шоолонгуй байлаа. Бушуухан очиж Төгөлдөрөө харах юм сан, бушуухан нэг цаг нь болоосой гэж бодсоор хамгийн дуртай үнэртэн болох кензогоо цацлаа. Дахиад жаахан цацдаг ч юм билүү.  Соёлоо дэндүү хүчтэй дарсанаас хэтэрхий их ус цацарч, түүний нүүр хүзүү, хувцаснаас тэр чигээрээ үнэртэй ус сэнгэнэн үнэртлээ. Яанаа шал дэмий юм боллоо, одоо яаж ийм их ус үнэртүүлээд очих вэ дээ юу ч гэж бодох юм билээ. Бушуухан усанд ороё, чөтгөр ав гэж. Соёлоо хурдхан усанд орчихоод гараад ирвэл цаг аль хэдийнэ  арван хоёр цаг гучин минут өнгөрч  байх нь тэр. Нэг цагтаа очихгүй бол баларлаа. Хүн хүлээлгэвэл найдваргүй этгээд байна  гээд дүгнэчихвэл яанаа хэмээн санд мэнд хувцасаа сольж орхиод, нүүрээ ч будалгүй юун тэр үнэртэй устай манатай яаран гэрээсээ гарлаа. Ядаж байхад цайны цагаар хотын гудамж түгжрэл ихтэй байдаг нь жам гэлтэй. Очих замдаа найз бүсгүйрүүгээ гялс мэссэж бичлээ. Найз нь одоо очиж явна, та хоёрын хоол идэх газар шууд яваад очье, хаана сууж байгаа вэ гэж бичээд утсаа атган хариу хүлээв. “Пийк кафед сууж байна.Төөгөө байгаа шүү, гэхдээ ажлын нэг залуу бас хамт байна, юутай ч чи хурдан ир” гэсэн хариу утсанд нь иржээ. Пийк кафегийн өмнө таксинаас буусан Соёлоо дотогшоо орвол, цайны цаг болохоор ч тэрүү нилээд их хүнтэй байх ажээ. Нүдээрээ Туякаг хайсаар хамгийн цаад талын ширээн дээр хоёр залуутай сууж байгааг олж харлаа. Цаашаа хараад сууж байгаа залууг нь харвал Төгөлдөр мөн юм шиг харагдана. Тээр яг л ийм нуруутай даа гээд бодонгуут өөрийн эрхгүй хацар нь халуу оргиод ирэв. Сайн уу хэмээн Соёлоо бүгдтэй нь аяархаан мэндлэв. Хүүе сайн уу замын бөглөө их үү хэмээн Туяка асуугаад, энд суучих хэмээн Төгөлдөрийн хажуугийн сандлыг заалаа. Танилц энэ хоёр манай ажлын залуу, харин энэ бол манай багын маань сайн найз бүсгүй гэж Туяка танилцууллаа. Туякагийн хажууд сууж байсан инээд алдсан шар залуу хүүе дуртайяа танилцая намайг Энхээ гэдэг, нас гэвэл хорин зургаа, нарийн яривал ганц бие залуу хэмээн хөгжилтэй гэгч нь хэлээд их л сонирхсон байдалтай гар барин атгав. Харин хажууд нь сууж байсан Төгөлдөр бид чинь урдны танилууд биз дээ, гэхдээ харин гар барьж танилцаагүй юм байна хэмээгээд Төгөлдөр гэж гараа өглөө. Соёлоогийн дотор нэг л цэлмэх мэт болоод хүүе намайг мартаагүй байна, таньж байна гэж бодохоор нэг л сайхан санагдаж зүрх нь хажуугийн хүнд ч дуулдахаар хүчтэй лугшиж эхэллээ. Тэгээд хариу гар барихдаа нэрээ хэлэх гээд өөрийн эрхгүй Төгөлдөр гээд хэлчихлээ. Үүнийг сонсоод Туяка тас тас инээж, Энхээ гайхан тэгээд нэр чинь Соёлоо юм уу Төгөлдөр юм уу хэмээн шалгаалаа. Яанаа уучлаарай Соёлоо байхгүй юу хэмээн ичсэндээ хоёр чих нь хүртэл улайсан Соёлоог хэлтэл аан тийм байлгүй дээ хэмээн Төгөлдөр хэлээд Соёлоогийн гарыг чанга атгалаа. 
Тэгээд СОЁЛОО ГЭЖ САЙХАН НЭР ШҮҮ хэмээн гэнэтхэн хэлэх нь тэр. Соёлоо цочих мэт болж Төгөлдөр өөд харсан боловч тэрээр огтхон ч гайхалтай зүйл хэлсэн шинжгүй цайгаа уун суусаар. Урд шөнийн зүүдэнд нь нэгэн танихгүй бүсгүй яг ингэж хэлсэн нь түүнд тов тодхон санагдав. Энэ чинь зүүдний үргэлжлэл гэж үү...eнэ чинь зүгээр ч нэг сэтгэл татаад байгаа хэрэг биш байж. Соёлоо яагаад ингэж сэтгэл нь догдлоод байж сууж чадахгүй байснаа ойлголоо. Зүүднийх нь үргэлжлэл мөн юм бол Төгөлдөр зөвхөн түүний хайр сэтгэл, тэр хоёр зөвхөн бие биедээ л зориулагдаж энэ ертөнц дээр төрсөн байх учиртай сан. Хэрвээ тийм биш бол ийм гайхалтай учрал болох байсан гэж үү... За ямар хоол захиалцгаах вэ гэсэн Энхээгийн дуу Соёлоог мэлэрсэн байдлаас нь гаргалаа. Хоол идэж байхдаа нөгөө гурав нь ажил төрөл ойр зуурын зүйл ярилцаж, Соёлоо чимээгүйхэн чагнасан шиг сууж байлаа. Ердөө л Төгөлдөрийн хажууд сууж, түүнийг хажуудаа байгааг мэдэрч байгаа нь түүнд хангалттай. Хоолоо идэж байхдаа инээд нь ихэд хүрч байгааг мэдрэв. Хоол ингэж амтгүй болно гэж мөн байдаг аа. Соёлоо хоолныхоо ямар амттайг огт мэдэрч чадахгүй байлаа. Шарсан төмс, салатууд, амталсан мах бүгдээрээ ямар ч амтгүй, эрхгүй л нэг зажлагдаад хоолойруу нь орж байв. Туяка хоолоо идэнгээ хүүе Соёлоо чи нээрээ яагаад нүүрээ будаагүй юм бэ, энэ халуун наранд амархан харлана шүү гэв. Энхээ үгийг нь  тосч аваад, харин тийм эмэгтэй хүмүүс чинь будаггүй явсанаас хувцасгүй явсан нь дээр гэдэг биздээ гээд бас л инээлээ. Энэ үед Төгөлдөр нээрээ будаггүй юм уу гэсэн аятай Соёлоог нэг том хартал, өөрийг нь сэмээрхэн харж байсан Соёлоотой харц тулгарав. Нууцаар харж байж баригдсан Соёлоо ичсэндээ урдаа байсан цайг шүүрэн авч, нэг том балгатал буруу хоолойгоор нь орж золтой л хахаж үхэхээ шахлаа. Төгөлдөр сандарсандаа нурууруу нь хоёр гурван удаа  хүчтэй гэгч нь цохиж орхив. Хэд хэд ханиагаад Соёлоо арай хийж гайгүй болтол чи чинь одоо яачихаа вэ хоол ч идэж чадахаа байгаа юу, Төөгөө чи одоо яасан чанга цохидог юм бэ нурууг нь хугаллаа хэмээн Туяка үглэсэн ээ, өө энэ Төгөлдөрийн гарыг хараач ээ хэмээн дуу алдлаа. Төгөлдөр гараа хараад өө яанаа, одоо яанаа гэж сандарлаа. Шарсан хавирга идэж суусан Төгөлдөр Соёлоог хахаж цацахаар нь тостой гараараа нурууг нь цохиод Соёлоогийн подволкон дээр тостой хурууны томоо мөр үлдээчихсэн байх нь тэр. Зүгээр зүгээр очоод угаачихая санаа зоволтгүй гэж Соёлоог арайхийн дуугартал, Туяа юу зүгээр гэж, энэ тосны толбо арилах ч үгүй, хайран подволк боллоо. Төгөлдөрөө чи төлж өгөхөөс өөр аргагүй болж дээ гэснээ, ерөөсөө өнөө орой ажил тараад нэг газар бүгдээрээ жаахан сууя, Төгөлдөр тэгж л гэмээ цайруулаг гээд Энхээ рүү дэмжлэг эрэн харлаа. Энхээ түүнийг уухайн тас дэмжиж нээрээ тэгэе л дээ орой найман цаг гээд Соёлоо хүрээд ирнэ биз гэлээ. Төгөлдөрийн царай нэг л зэвхийрээд явчих шиг Соёлоод санагдлаа. Уулзах дургүй байгаа юм байх даа... Төгөлдөр яах ч аргагүй байдалд орох шиг боллоо. Өнөө оройг тэрээр аль хэдийн төлөвлөчихсөн байсан билээ. Хүний хувцасыг тос болгочихоод байдаг, энэ  хоёр орой гарая гэж шахаад байдаг. Яасан ч байсан гэлээ Соёлоог гомдоомооргүй санагдлаа. Би жаахан ажилтай гэхдээ та нар сууж бай л даа, би есөн цаг гээд ажлаа амжуулчихаад хойноос чинь очьё гэж хэлж орхив. Энхээ Туяка хоёр жаахан маргасан боловч, сүүлдээ зохицоод тэр гурав сууж байх, араас нь Төгөлдөр ирэхээр болоод цайны цаг дуусч байсан тул кафенаас яарасхийн гарцгаалаа. Соёлоо тэр гурваас салаад дэлгүүр ороод харихаар шийдэн их дэлгүүр тийш зүглэн явлаа. Орой уулзая гэж хэлэхэд Төгөлдөрийн царай хувирч дургүйцэх шахсаныг ганцхан тэр л ажигласан билээ. Тэгээд дараа нь орой хойноос ирнэ гэж тохирсон.Харин яагаад хамтдаа явахаас дургүйцсэн юм бол, нээрээ тийм хойшлуулж болохгүй ажилтай байсан юм бол уу. Тийм бол орой амжиж ирэх бол уу. Эсвэл тэр өөртэй нь, Соёлоотой уулзахаас дургүйцээд байгаа юм бол уу. Үгүй ээ тэр орой ирнэ гэж хэлсэн шүү дээ гэж бодонгуут, түрүүхэн цохиулсан нуруу нь хөндүүрлэн өвдлөө. Өө нээрээ яаж тостой хувцастай дэлгүүр хэсээд явж байдаг юм харья, тэгээд ч орой ирэхдээ нэг эмэгтэй хүн шиг нүүр царайтай ирэе. Төгөлдөр оройтсон ч гэсэн заавал ирнэ гэж бодсоор гэрлүүгээ эргэн аажимхан алхан харьлаа. Төгөлдөр ажлынхаа өрөөнд эргэн ирээд хүн байхгүй байсан тул хөгжимөө чангалан хэсэг суув. Өнөөдөр орой тэрээр Уянгаагийн эмээг эргэх ёстой байлаа. Уянгаагийн эмээ нь Төгөлдөрт дэндүү сайн, тэгээд ч Төгөлдөр өөрөө эмээ өвөө дээрээ өссөн болохоор өөрийн эмээ шигээ л ханддаг билээ. Харин ойрын үед эмээгийнх нь бие жаахан чилээрхүү байгаа болохоор Оргил рашаан сувилалд арав хоног амрахаар явсан. Тэгээд л өнөөдөр Уянгаатай ажил тарахаар хамтдаа явж, эмээг нь эргэхээр өчигдөр тохиролцон билээ. Ядаж өглөө утасдаад орой Уянгаа бид хоёр очно гээд хэлчихсэнийг хэлэх үү. Маргааш очно гэхээр настай хүнд хэлчихсэн харуулдаад байж байх, эмээг нь эргэчихээд Уянгааг хүргэж өгөөд найм жаахан өнгөрөөд л очихоос. Төгөлдөр гэнэт өөрийгөө гайхлаа, яагаад ч юм бүх юмаа хаяад Соёлоотой орой уулзмаар санагдлаа гэж үү. Түрүүхэн танилцахад өөрийнх нь нэрийг хэлээд түүндээ ичээд нүүр нь улайгаад сууж байсан ямар ч будаггүй шунх түрхээгүй Соёлоог эргэн санав. Угаасаа л Төгөлдөрт нүүрээрээ дүүрэн өнгө өнгийн будаг түрхсэн, хамрыхаа үзүүрийг хүртэл будах шахсан охид хэзээнээсээ таалагдаж байгаагүй билээ. Төгөлдөрийг харахад өөр рүү нь харж байгаад харц тулгарсандаа ичээд хахаж цацсан нь санаанд нь дахин орж, Төгөлдөр өрөөндөө зөндөө ганцаараа инээлээ. Соёлоо түүнд үнэхээр таалагдаад байгааг тэр мэдэрчээ. Орой заавал уулзах ёстой, яасан ч байсан орой Соёлоотой уулзана даа...Төгөлдөрийг жаахан байхад бүүр тавхан наснаас нь эхлэн харах хүн байхгүй гэдэг шалтгаанаар аав ээж хоёр нь хөдөө эмээ өвөө дээр нь аваачиж орхисон билээ. Хөдөө ч гэж дээ төв аймаг. Тэгээд л тэндээ өсч том болоод, их сургуульд сурах жилээ хотод шилжиж ирсэн сэн. Аав ээж нь хааяа даа тэднийд очно, зун бас ирж амарна. Заримдаа Төгөлдөр тэднийг дагаж хотод гэртээ хэд хононо. Тэгээд л жинхэнэ эмээ өвөөгийн хүү болж өсчээ. Өвөө нь угийн л дуу цөөтэй хүн, харин эмээ нь ажилсаг дуу шуутай, орсон гарсанд цай идээтэй, толиотой хөнгөн шингэн хүн байсан сан. Харин Төгөлдөр өвөөгөө дагаад ч тэр үү, гурвуулаа цөөхөн ам бүл болоод ч тэр үү, үг дуу цөөтэй хүнд санаснаа нээж илэрхийлж хэлэхдээ муу, харин хүн чанар сайтай өссөн билээ. Асууж шалгаахаас наана хүнд элдэв юм ярьдаггүй, дуу цөөнтэй томоотой болохоор нь ажлын газрынхан нь хүртэл одоо болтол түүнийг найз охинтой гэдгийг мэдээгүй, хааяадаа орж ирж байгаа охидтой холбож шоолоод л сууцгааж байдаг билээ. Төгөлдөр нэг удаа найз охинтой гэтэл өрөөнийхөн нь танилцая гэж шалаад, орой нэг газар жаахан суухдаа Уянгааг хүрээд ир гэтэл Уянгаа яршиг яршиг гээд ирээгүй, тэгээд л өнгөрсөн билээ. Уянга бол Төгөлдөрийн эхлээд нэг ширээнийх нь анд байгаад сүүлдээ сайхан үерхдэг найзууд болоод эцэст нь хосууд болоод хамтдаа олон жилийг үдэж байгаа билээ. Дунд сургуульд тэр хоёр бүтэн арван жил нэг ширээнд суусан хоёр, нэгдүгээр ангид ороход нь хуваарилсан тэр ширээн дээр арван жил хамт сууж сургуулиа төгссөн дөө. Дунд сургуулийн 8, 9-р ангиас эхлээд ангийн нь хүүхдүүд зарим нь ширээгээ сольж сууцгаах нь ихсэж, ихэвчлэн охид хөвгүүдээрээ суух болсон ч тэр хоёр  л суудлаа солиогүй хамтдаа суусаар байсан. Ангийнханыхаа шоолсон элдэв зүйлийг сонсоод Төгөлдөр тоох ч үгүй байдаг бол Уянгаа харин ам хэлээ билүүдэн шоолсоныг нь буцаан шоолж, инээхдээ инээж уурлахдаа уурладаг байсан ч Төгөлдөртэй нэг ширээнд суусан хэвээрээ байсаар төгссөн билээ. Нэг мэдэхэд бие биедээ их дасчихсанаа мэдсэн юм. Аравдугаар  ангиа төгсөх, конкурсэд бэлтгэх гээд бүх л зүйлд дандаа хамтдаа байж, бас ч үгүй ангиасаа гарсан ганц хос гэдэг цолтой болсон сон. Төгөлдөр бусадтай адилхан хайртай дуртай гэж гүйж, нойр хоолноос гарч шаналж байсангүй, сэтгэл зүрх нь догдолж хөөрч баярлаж, Уянгааг учиргүй үгүйлж ч байсангүй. Зүгээр л олон жил хамт байж дасаад Уянгааг өөрийнхөөрөө хайрлах болж, үүрд хамтдаа байхаар шийдсэн билээ. Баяр болсон ч гэлээ Уянгаагийн заасан бэлгийг нь аваад өгчихдөг, ороё гэсэн газарт нь орчихдог, аливаа зүйлд ихэнхдээ санаа нийлдэг хэрүүл шуугиангүй хос билээ. Харин Уянгаад Төгөлдөр бүр бага байхын таалагддаг байсан. Тэгээд  бусад охидоос харамласандаа дандаа хамт сууж, дандаа хамт хичээл давтаж, оройтож харих бол гуйж шалсаар байж хүргүүлдэг байсан ч сүүлдээ Төгөлдөр өөрөө санаачлагаараа хүргээд өгчихдөг болсон. Хүний нүдэнд томоотой харагддаг ч гэлээ тулаад үерхээд ирэхлээр хөгжилтэй, түшигтэй Төгөлдөрийг өөрт нь дасаад хайртай болсоны дараа л Уянгаагийн санаа амарсан билээ. Тиймээс хардаж сэрддэггүй, ажилруу нь утасдаж шалгаах болоод ажил дээр нь очих ч туйлын дургүй. Өөрийнхөө ажил дээр ч Төгөлдөрийг ирүүлэх дургүй. Төгөлдөрийн бас Уянгаагийн гэрийнхэн бүгдээрээ л тэр хоёрыг дэмждэг болохоор ирэх жилийн намрын билэгтэй сайн өдрүүдээр хуримаа хийж нэг гэрт орохоор тохиролцчихсон байгаа. Хайртай хүндээ итгэдэг болохоор Уянгаагийн сэтгэл амар, бас жаргалтай, хар багаасаа үерхсэн Төгөлдөр тэр хоёр энэ хугацаанд хааяа ам зөрөх явдал байдаг хэдий ч, хэрэг мандаан муудалцаж хэрэлдэж байсангүй ээ.Нэг л мэдэхэд ажлын цаг өнгөрлөө. Төгөлдөрийн гар утас дуугарч Уянгаагаас мэссэж ирлээ. “Сайн уу, гэрт долоо гээд ирээрэй, би харьж эмээгийн дуртай хоолыг хийгээд байж байя. Эмээ дээр эртхэн очьё” хэмээсэн байх нь тэр. Төгөлдөр яагаад ч юм Уянгаад ажил гараасай гэж орой болтол дотроо хүсэж байсан хэдий ч талаар болж орхив. Уянгаа ажлаа тарж очоод хоол хийсээр байтал долоон цаг хэдийнэ өнгөрчихнө. Тэгээд сувилалруу очсоор байтал найман цаг, уулзаад буцаж Уянгааг хүргэж ирсээр байтал есөн цаг. Соёлоо тэгтэл яваад өгвөл яах вэ? Намайг хэлсэндээ хүрдэггүй дэмий залуу гээд бодчихвол яана. Тэгтэл бас Уянгааг эмээ рүү нь ганцааранг нь явуулах гэж үү. Эмээ нь намайг бас ирнэ гээд хараад сууж байгаа шүү дээ. Төгөлдөрийн толгой бараг өвдөх шахлаа. Утас дахин дуугарч дахиад л мэссэж. Туяка бичсэн байлаа. Ажлаа хурдан дуусгаад бид гурав дээр ирээрэй, мартав. Төгөлдөр шийдэж ядан байснаа хувцасаа өмсөн, ажлаасаа яаран гарчээ.Зуны шатам халуун жаахан багассан ч, оройн сэрүү орох хаа ч байсан юм. Төгөлдөр ажлаасаа бараг гүйх шахам гарч явлаа. Уянгаагийн эмээг заавал эргэх хэрэгтэй, орой Соёлоотой уулзаж чадахгүй байсан ч гэсэн заавал эмээг нь эргэх хэрэгтэй. Өөрт нь үргэлж сайн байдаг настай хүнийг гомдоож яахан болох билээ. Ингэж бодоод Төгөлдөр яаран, бараг Уянгаатай зэрэгцэн гэрт нь ирэв. Хоол хийхэд нь учир зүггүй туслаад сандраад ч байгаа юм шиг сонин байгаа Төгөлдөр Уянгаагийн нүдэнд өртөж орхив. Хүүе чи чинь яагаа вэ, хэзээ хоол хийхэд ингээд сүйд болоод туслаад байдаг болоо вэ гэж Төгөлдөрөөс асуулаа. Зүгээр л эмээ эрт ирнэ гэж харж байж магадгүй гэж Төгөлдөр жаахан түгдрэнгүй хэлэв. Аягүй бол яг тэгж байгаа гэж Уянгаа зөвшөөрөөд, хоолоо хийж дуусаад яарасхийн Оргил сувилал руу явлаа. Төгөлдөр сэмээрхэн утасныхаа дууг багасгасаныг Уянга огтхон ч анзаарсангүй.. Урд нь тэр Уянгаагийн хажууд хэнтэй ч ярихаас санаа зовдоггүй байсан. Харин одоо хойноос нь ажлынхан нь утасдана, тэд нартай Соёлоо байгаа гэж бодохоос л утсаа унтраамаар санагдав. Соёлоо түүнийг найз охинтой, бүр тэрэнтэйгээ эмээг нь эргэхээр явж байгааг битгий мэдээсэй л гэж Төгөлдөр дотроо сэмхэн хүсч байсан аж.Соёлоо гэрээсээ Туякаруу утасдаад шууд уулзах газарлуугаа очихоор болов. Одоо гэртээ тухтай гэгч нь нүүрээ будаж эхлэв. Ээ би гэж нэг азгүй юм өнөөдөр ямар муухай царайлчхаад Төөгөөтэй уулзлаа даа, лав намайг шоолсон байх гэж жаахан хүүхэд шиг элдвийн юм бодогдоно. Одоохон ингээд дахиад Төөгөөтэйгээ уулзана гэж бодохоор зүрх нь дэлсэж, байгаагаа мэдэрч байлаа. Гэхдээ нэг л санаа зовоод. Төгөлдөрийн царай яагаад гэнэт хувирсан юм бол, надтай уулзах дургүй байгаа юм бол уу. Үгүй дээ зөн совин худлаа хэлдэггүй юм. Би Төгөлдөрт таалагдаж байгаа. Бид хоёр бие биедээ таалагдаж байгаа. Харин гэхдээ өнөө орой ирэхгүй л юм шиг байна даа. Үнэхээр ажил гараад ирэхгүй юу, харин ирэх дургүй байх өөр шалтгаан байна уу гэдгийг даанч мэдэхгүй юм. Гэхдээ л ирнэ гэснээрээ орой заавал ирээсэй билээ гэж Соёлоо дотроо гуйж байлаа. Соёлоо гэрээсээ гарч талбайн урд талын задгай каферуу явлаа. Одоо тэнд аль хэдийн Туяка, Энхээ хоёр ирчихээд хүлээж байгаа. Соёлоог хараад тэд холоос гараараа даллан дуудав. Соёлоогийн зүрх ёгхийх мэт эвгүй боллоо. Замын турш Төгөлдөр ажлаа хойшлуулаад очоод сууж байх юм шиг бодогдоод байсан чинь нээрээ байхгүй байна. Өнөөдөр огт ирэхгүй байх гэсэн бодол  бүүр лавширав. Тэр хоёр дээр урамгүй, бараг дурамжхан дөхөж очоод сууж орхив. Чи юу захиалах вэ, бид хоёр захиалгаа өгчихсөн Төгөлдөрлүү ирэхдээ мэссэж биччихсэн, хойноос ирэх байх гэж Туяка ярингаа цэс аван дөхүүлж өглөө. Хүйтэн задгай шар айраг нэг лонхийг гэж Соёлоо хүрч ирсэн зөөгчид дурамжхан хэлж орхив. Түүнд энд суух энэ хоёртой суух ямар ч хүсэл алга. Энхээгийн яриа, Туякагийн инээд яагаад ч юм түүний бүүр дургүйг нь хүргэж, байж ядаж байгааг тэд даанч анзаарсан шинжгүй хөгжилдсөөр л. Өөрийн эрхгүй Төгөлдөр хаачив, Төгөлдөр хаачив гэх бодол хартай эхнэр шиг салж өгөхгүй тарчлааж байлаа. Өнөөдөр Төгөлдөр ирэхгүй гэдэгт Соёлоо одоо бүрэн итгэлээ, харин Төөгөө одоо хаана байна, яагаад ирээгүй юм бол . . . Энхээ утсаа гарган ирж, хүний цамцыг тос болгодог залуу яагаад хоцроод байна гэсээр залгав. Хүүе битгий ирэх дургүй байгаа хүнийг албадаж хэрэггүй гэж Соёлоо сандран хэлж орхив. Энхээ одоо л Соёлоогийн сонин болсон царайг харан үл ялиг гайхшран, хүүе чи нээрээ тос болгосон гэж уурлаад байгаа юм уу гэж асуучихлаа. Яалаа гэж дээ зүгээр л завгүй гээд байгаа хүнийг байн байн дуудаж яах юм гэж хэлсээр байтал Энхээ өөрийнхөөрөө зөрүүдлэн залгалаа. Нилээн хэд залгасан боловч Төгөлдөр утсаа огт авсангүй. Дуу шуугүйхэн суух Соёлоогийн хажууд нөгөө хоёр нь сүүлдээ эвгүйцэж эхэллээ. Эхлээд овоо дуу шуутай байсан Энхээ, инээд алдаад байсан Туяка хоёр Соёлоог яриандаа татаж оруулах гээд ч дийлсэнгүй. Сүүлдээ минут өнгөрөх тусам улам нүүр нь барайн чимээгүй суух Соёлоогоос хоёулаа залхаад, Энхээ нь нэг утасны дуудлагаар шалтаглан, өөр тийш ээ явах хэрэг гарлаа гэж эвтэйхэн тайлбарлаад орхин одов. Туяка Соёлоотой үлдээд гайхан ширтэж, чи яасан Төгөлдөрийг ирсэнгүй гэж нээрээ уурлаад байгаа юм уу, жинхэнээсээ дурлаа юу, бараг хоёр цаг чив чимээгүй суучих юм гэж асуултаар булж эхлэх нь тэр.Соёлоо Туякад юу ч хэлмээргүй санагдлаа. Нэгэнт Төгөлдөр ирнэ гэсэн юм чинь оройтсон ч гэсэн энд заавал ирнэ гэж бодоод, чи Төгөлдөрт энд ирнэ гэж мэссэж бичсэн юм уу гэж буцааж асуув. Энд ирээрэй гэж бичсэн гэхдээ ирэхгүй бол тэр л биз, чи тийм залууг сонирхоод байгаа юм уу гэж Туяка гайхав. Тиймээ би Төгөлдөртэй л уулзмаар байна. Ямар ч байсан дахиад хүлээнээ, хүсвэл чи харин надад хань болоод жаахан суучих гэхдээ надаас битий асууж шалгаагаарай гэж Соёлоо аяархан дуугарлаа. Өө тэгье тэгье, Туяка түүнийг ойлголоо. Анхныхаа хайраас хойш хэнд ч дурлаж хэнийг ч өөртөө халгааж байгаагүй Соёлоо нь дурлачихжээ, бүр анхны харцаар шүү. Нилээн суусны эцэст Туяка бүр нууцаар Төгөлдөрлүү хэд хэд залгасан боловч, Төгөлдөр даанч утсаа авсангүй Соёлоо ч сүүлдээ явахаар шийдлээ. Туяка чи маргааш ажил дээрээ очоод, Төгөлдөрөөс яав энэ тэр гэж битгий асууж шалгаагаарай, зүгээр л байдгаараа байгаарай гэж Соёлоог хэлэхэд түрүүнээс хойш Төгөлдөрт дургүй нь хүрээд сууж байсан Туяка за тэгвэл найз нь асуухгүй ээ, харин нөгөөдрөөс хоёулаа жич тухтай уулзая, чи битгий уруу царайлаарай гэж сэтгэлийг нь засаад, замын эсрэг талд гарч гараагаа нэгэнтээ даллаад гэрийн зүг одов.Соёлоод зуны намуухан дулаахан оройн сайхан нь огт мэдэгдсэнгүй, хот улам ч баргар, мэт санагдан гэрлүүгээ удаан гэгч нь алхаж байгаад, гэнэт өөдөөс нь Төгөлдөр ирж явахыг анзаарсангүй.  Юм бодож яваад холоос ажигласангүй, бараг зөрж өнгөрөхдөө эгцлэн харлаа. Гэтэл Төгөлдөрийн гараас жаргалтай мишээсэн нэгэн бүсгүй хөтлөөд зөрөн өнгөрөх нь тэр. Тэд гар гараасаа хөтлөлцөж явна. Төгөлдөр иймээс учраас  ирэхээс татгалзсан байх. Төгөлдөрт Соёлоо ямар ч хамаагүй. Төгөлдөр өөр хүнд хайртай, тэрэнтэйгээ хотоор зугаалж явна. Орой уулзахаар тохирсон Соёлоог өдийд таг мартчихаад жаргалтай сайхан явж байгаа юм байна. . . Төгөлдөрийн гараас хөтлөн яваа жаргалтай бүсгүйг хараад Соёлоогийн зүрх зүсэгдэх шиг болж, хөл нь гуйван өөрийн эрхгүй зог тусан зогслоо. Доошоо ширтээд газар шагайж Уянгаад хөтлөгдөн явсан Төгөлдөрийн хажуугаар нэг л танил хүн өнгөрөх шиг санагдав. Тэгэхээр нь санаандгүй эргэн хартал, оройн бүрэнхийд улам цонхигор царайтай болчихсон Соёлоо өөрлүү нь нулимс цийлэгнэсэн нүдээр гайхшрал, гомдол шаналал ер нь л тэр бүхнийг илтгэсэн харцаар харан зогсож байгааг олж харжээ. Тэр харц Төгөлдөрөө чи ийм болоод өнөөдөр ирсэнгүй юу, чамд дурласан сэтгэл минь одоо яах билээ гэж Төгөлдөрт шивнэх шиг боллоо. Тэр дороо л Төгөлдөр Уянгаагаас гараа суга татан авч, Соёлооруу гүйж очоод уучлал гуймаар санагдавч, Уянгаагийн хажууд юу ч ярихыг хүссэнгүй. Дэмий л Соёлооруу харж та нар тарчихсан уу, за дараа уулзая даа гээд хоёр алхамын цаана хараад зогсож байх Уянгаруу буцан явлаа. Тэгээд цаашаа харан тэд яваад өглөө. Харин Төгөлдөр дахин хөтлөлцсөнгүй, нэг гараа хармаандаа хийж улам ч их доошоо харсаар алхаж одлоо. Төгөлдөр Соёлоогийн харсан шиг тийм ч жаргалтай зугаалж яваагүй билээ. Эртхэн Уянгааг хүргэж өгөөд, тэдэн дээр очих гэж сэтгэлдээ яаран яаран явсан боловч амжаагүй дээ гутарч, уруу царайлан Уянгад хөтлөгдөн алхаж явж байтал ийм гэнэтийн явдал тохиолдох гэж.Төгөлдөрийн хоолой нь нэг л бачуурч амьсгал авахад ч хэцүү боллоо. Зуудаг нохойд хөөгдөн хол газар гүйчихсэн юм шиг хоолой нь зангиран, тас хар бөөн хэсэг зүйл цээжинд тулж хоолойг нь зангируулна. Муу нуухаар сайн илчил гэдэг сэн. Найз охинтой гэж мэдэгдэхгүй гэсэндээ утсаа хүртэл аваагүй юмсан. Тэгтэл бүр хөтлөлцөж яваад ингэж Соёлоотой дайралдах гэж дээ хэмээн Төгөлдөр дотроо гутрахын ихээр гутрав. Соёлоогийн гунигтай нүд, түүнийг ширтэх харц Төгөлдөрийн санаанаас гарсангүй ээ. Уянгааг байрных нь хажууд дөхүүлж өгчихөөд буцаад гэрлүүгээ явлаа. Анх танилцахад өөрийнх нь хөдөлгөөн бүрийг нь томоотой гэгч нь дагуулан хараад байсан тэр охин өөрт нь зөндөө их таалагдсан. Харин дараа нь танилцахад Соёлоо өөдөөс нь харж гар барихдаа хичнээн их сандарч байлаа. Нэрээ буруу хэлээд инээдэм болж байсан. Өнөөдөр ч гэсэн түүнийг л гэж орой болтол хүлээсэн байх. Тэгэхэд би ингээд тааралдах гэж бодох тусам Төгөлдөрийн зүрхийг хэн нэгэн хүчтэй гараар базлах шиг болжээ. Өнөөг хүртэл Төгөлдөр хэзээ ч ийм шаналал амсаж байсангүй билээ. Бас хэн ч түүнд ийм жигтэй мэдрэмж төрүүлж байсангүй ээ.Тэр шөнөжин Төгөлдөр унтсан унтаагүйн хооронд шаналж хонолоо. Үе үе түгшүүртэй зүүд зүүдэлж цочин сэрсээр тун тухгүй унтаж, өглөө эртлэн сэрж орхив. Сэрээд нүдээ нээтэл өчигдрийн мэдрэмж зүрхнээс нь алга бололгүй, харин ч харуусал гунигаар дүүрсэн байлаа. Хүн ер нь яах гэж энэ хорвоод төрдөг юм бол оо.Ёстой л дуртай дуртай зүйлээ хийхээр төрдөг байхдаа. Би өнөөг хүртэл харин ямар нэг хүсэл тэмүүлэл урам зориггүйгээр урсгалаараа  амьдарч ирсэн байх юм. Бүр жинхэнэ сэтгэл догдлуулсан хайр сэтгэлийг ч амталж үзээгүй явж байжээ. Хайрласан сэтгэлд шаналал нь хүртэл амттай байдаг гэж одоо л мэдэрлээ. Ай хайраа гэж, ёстой л зүгээр явж байхад хоромхон хугацаанд харавсан сум шиг хүрээд ирлээ дээ. Харин хорвоо яагаад түүнийг эхлээд Соёлоотой учруулсангүй вэ, энэ л харуусалтай. . . Ингэж бодсоор Төгөлдөр аажмаар босч ажилдаа явахаар хувцаслаж эхлэнгээ зуны өглөөний агаар оруулахаар цонхоо том гэгч дэлгэлээ. Гадаа явган хүний замаар  залуухан хос жаахан охин хөтлөн алхана. Жаахан охин инээд алдан ээжийнхээ гараас зугатаж, тэр тоолонд аав нь тоглоом болгон барихаар хөөцөлдөх нь харсан хүн атаархмаар жаргалтай харагдлаа. Бодвол жаахан охиноо ажилд явахаасаа өмнө эмээд нь юм уу, өвөөд нь хүргэж өгөхөөр л явцгааж байгаа биз дээ. Сайхан юм аа гэж Төгөлдөр өөрийн эрхгүй атаархсанаа өөрийгөө гэнэт гайхаж орхив. Би чинь хэзээ ийм болчихоо вэ.Төгөлдөр өглөөний цайгаа ч уулгүй ажилруугаа гарч явлаа. Нэг олдсон амьдралдаа яагаад заавал өөрийнхөө хүссэнээр биш хүний хүссэнээр амьдрах гэж. Би Уянгаад элдэв амлалт өгсөн биш, ер нь өгсөн байлаа ч гэсэн нь зүрхэндээ төрсөн мэдрэмж, хайрынхаа төлөө хэнд ч ямар ч амлалт өгсөн байсан тэрнээсээ буцахад бэлэн байна. Соёлоод одоо Төгөлдөр аль хэдийн хайртай болжээ. Соёлоогийн хайр сэтгэлийг олж авахын тулд, түүний гомдсон сэтгэлийг тайтгаруулахын тулд хэнийг ч юуг ч орхиход бэлэн болсон байлаа. Гэнэт нэгэн санаа төрсөнд Төгөлдөр ажил дээрээ яаран очлоо. Интернэтэд холбогдон цэцэг хүргэх үйлчилгээг хайж хайж,  эцэст нь анд нөхөр гүүглийн тусламжтайгаар олсондоо дотроо ихэд олзуурхав. Цэцэг төв дээр очиж хүссэн цэцгийнхээ баглааг мэндчилгээтэй хамт, хаягаар хүргүүлдэг үйлчилгээг байдаг гэж мэдээд жаахан халгасаар Туякаруу утсаар ярьлаа. Туяка Төгөлдөрийг таниад эхлээд утсаар ууртай ярьсан боловч, асуусан зүйлийг нь сонсоод гайхаж хоцорлоо. Өчигдөржин алга болчихоод одоо Соёлоогийн гэрийн хаягаар яадаг юм гэж бодсон бодовч, очиж уучлалт гуйх гэж байгаа ч юм билүү гэж бодоод гэрийнх нь хаягийг дуртай дургүй хэлж өгөөд утсаа таслав. Харин тэр дороо эргэж Соёлоод утасдан хэлэх гэсэн боловч хурал зөвлөгөөн гэж хэсэг хүн дуудаад таг мартуулчихжээ. Соёлоо өглөө босон усанд орчихоод, хэсэг хувцсаа ялган цүнхэлж эхлэв. Өглөөний цай ч чанаж уух дур хүрсэнгүй. Бушуухан хотоос холдож зуслан дээрээ гэрийнхэн дээрээ очьё гэж шийдээд, өглөө эртлэн явахаар бэлдэж байгаа нь энэ байлаа. Сэтгэлээ дагаад царай нь ч гэсэн өнгөгүй баргар болжээ. Бодохгүй байя ч гээд чадахгүй нэг л мэдэхэд Төгөлдөрийг өөр бүсгүйтэй хөтлөлцөн явж байсныг дурсан санаж, тэр тоолонд нь зүрх нь цоо хатган өвдөж байлаа. Хайраас болж шаналсан зүрх өвдөхдөө хорхой идсэн шүд өвдөхөөс хамаагүй илүү өвддөг ажээ. Оронд нь бие өвдсөн ч болоосой, тэгвэл ийм тарчлаантай байхгүй биз гэж Соёлоо гуниглан бодов. Бодох тусам Төгөлдөр түүний гар хүршгүй тэртээ өндөрт хөөрөх ажээ. Сүүл сүүлдээ түүнтэй хамт явж байсан тэрхүү азтай бүсгүйд атаархав. Тэр хүүхэн нь гадагшаа сургуульд явахгүй юм байхдаа, эсвэл өөр залууд дурлаад Төгөлдөрөөс өөрөө салчихдаггүй юм байхдаа гэх мэт элдэв зүйлсийг Соёлоо дотроо хорсон бодлоо. Бушуухан зусланруугаа л явья. Бага байхдаа жаахан хувингаар булгаас ус зөөгөөд, эргэн тойрон уулс ногоорон, хөхөө донгодох дуу цуурайтаад тун ч жаргалтай байж билээ. Тэндээ очивол түр ч гэсэн  шаналалаа мартаж, амсхийх юм шиг Соёлоод санагдана. Төгөлдөр хэрвээ тэр бүсгүйдээ үнэхээр хайртай бол би яах ч билээ. Түүндээ саад болж нүдэнд нь дэмий өртөж байхаар хол очоод өөрөө санаад шаналж суусан нь дээр юм даа. Соёлоогийн нүдэнд өөрийн эрхгүй нулимс бүрхэн орон дээрээ зог тусан суулаа. Энэх ахархан хугацаанд Төгөлдөрт үнэхээрийн хайртай болсон шүү дээ, тэгтэл Төгөлдөр нь өөр найз бүсгүйтэй байж байдаг. Хайртай болсон хүнийгээ өөр хүнтэй хамтдаа явж байхыг харахаас өөр хэцүү зовлон гэж байх уу даа. Соёлоо тэсэлгүй цурхиран уйллаа. Хайртай хүнтэйгээ хамт байх хувьгүй, Төгөлдөртэй хамт байж чадахгүй, Төгөлдөр түүнийх биш гэж бодох тусам нь зүрх нь базлан улам хүчтэй цурхиран уйлж байлаа. Гэтэл хаалгыг нь хэн нэгэн хүчтэй цохих чимээ дуулдав. Соёлоо нулмисаа арчин гайхширч, хэн ирсэн юм бол хонх дарахгүй гэж бодсоор хаалгаа нээн харав. Тэгтэл хаалганы цаана нэгэн үл таних залуу сарнай цэцгийн баглаа барин өөрийг нь харан зогсож байх нь тэр. Соёлоог мэл гайхан зогсож байтал нөгөө залуу өөрийг чинь Соёлоо гэдэг үү хэмээн албархуу асуулаа. Тийм хэмээн толгой дохитол хүлээн авлаа гэж гарын үсэг зурна уу гэж нөгөө залуу нэгэн хуудас цаасанд зуруулаад, дараа нь улаан ягаан өнгө хосолсон гайхам сайхан сарнайн баглааг Соёлоогийн гарт бариулж, танд нэгэн залуугаас зориулан захиалсан юм хэмээн хэлчихээд юм асуух ч зав өгөлгүй шат алгасан харайн одлоо. Ёстой нүдээ бүлтийтэл гайхсан Соёлоо баглаа цэцгээ барин гэртээ орж гайхан зогсож орхив.. Өрөө дүүрэн сарнай цэцгийн анхилам сайхан үнэр түгэн тархана. Хэсэг харж үнэрлэж, баахан баясаад за байз хэн ийм гоё цэцэг явуулдаг байнаа гэж бодсон чинь түүнд зориулж явуулах нэг ч хүн санаанд нь орсонгүй. Юутай ч эхлээд усанд хийе гээд гэтэл гоёмсог боосон боолтын завсар бяцхан ягаан дугтуй харагдаж байлаа. Соёлоо тэрхүү бяцхан дугтуйг задлан үзтэл дотроос нь нэгэн ил захидал гарч ирлээ.Тэрхүү гайхам цэцгийн баглаанаас нисэх мэт л гараад ирсэн бяцхан дугтуйг Соёлоо болгоомжтой гэгч нь задлан уншсанаа нүд нь гайхам том болж суун туслаа. Энэ бэлэг түүнд хэнээс ирсэн байсан гээч. Гайхмаар юм Төгөлдөр түүнд явуулсан байна шүү дээ.Цэнхэр цаастай бяцхан ил захидал дээр “Уучлаарай Соёлоо, би чамд бүх учраа уулзаж тайлбарлахыг хүсэж байна. Надтай уулзаач. Төгөлдөр” хэмээн цөөхөн үг бичсэн байжээ. Соёлоо энэхүү явдалд үнэхээрийн их гайхаж орхив. Тэрээр хурдан гэгч нь босч цэцгийн баглаагаа энгэртээ наагаад гэртэй жаахан хүүхэд шиг баярлан дэвхэцлээ. Ямар гоё вэ, ямар гоё вэ өнөө орой бид хоёр уулзана, Төгөлдөр ч бас надад хайртай юм байна. Бурхан минь сэтгэл минь яасан сайхан байна аа. Соёлоо хамгийн сүүлд дээд сургуулийнхаа элсэлтийн шалгалтанд тэнцэн орсон өдрөө л нэг ингэж баярлаж байсан билээ. Гэтэл одоо тэр үеийнхээс хэд дахин илүү баяр хөөртэй байлаа. Бурхан минь та ингэж намайг баярлуулна гэж байх уу даа… Тэр дороо Соёлоогийн нүүр баяраар хайраар гэрэлтэн, түрүүний баргар царайнаас ямар ч ул мөр үлдсэнгүй ээ. Явахаар зэхэж байснаа аль хэдийнэ больчихоод дуу аялан хувцсаа буцаан шүүгээндээ хийлээ. Өнөөдөр хэдээс уулзах бол ажил тараад л надруу ярих байхдаа. Миний утсыг нээрээ мэдэхгүй шүү дээ. За гэхдээ гэрийн хаяг олж мэдсэн юм чинь, утсыг маань мэдэж байгаа байлгүй гэж бодоод баярлан ганцаараа инээд алдлаа. Толиныхоо өмнө байрлуулсан цэцгийн баглааны сайхан үнэр өрөө дүүрэн ханхална. Үдийн цайнаараа ч утасдаж магадгүй шүү дээ гэж бодоод Соёлоо бушуухан гадагшаа гарахаар хувцсаа өмсөн, гэрээсээ хаашаа ч  гаралгүй суулаа. Гар утсаа чанга гэгч нь атган байн байн нүүрийг нь харж цаг минут тоолно. Зүрх нь хязгааргүй их баяраар бялхан хэдэн цаг ч хамаагүй ингэж хүлээн суух нь жаргал мэт санагдана. Ёстой л хүлээхийн жаргал гэгч нь энэ юм байх даа… Гэнэт Соёлоод нөгөөх Төгөлдөртэй хөтлөлцөж явсан бүсгүй санагдлаа. Ямар жаахан хүүхэд бишдээ өдий насны залуу жирийн найзтайгаа хөтлөлцөөд л явж байна гэж мэдээж байхгүй шүү дээ. Тэгэхдээ одоо надад бүх юм хамаагүй ээ. Төгөлдөртэйгээ л хамт байвал, тэр маань намайг гэж байвал урд нь нэг бүсгүйтэй хөтлөлцөж харагдах нь байтугай авгай гурван хүүхэдтэй ч байсан хамаагүй, би түүнийг хайрласан сэтгэлээ татаж авч чадахгүй ээ. Бүхнийг Төгөлдөр өөрөө шийдэг, ер нь тэр бүсгүйтэй жирийн нэг найз ч байсан юм билүү. Мэдэхгүй зүйлийнхээ төлөө толгойгоо гашилгаж яах вэ. Хамгийн гол нь Төгөлдөр түүнд сайн байсан нь л хангалттай. Соёлоо Төгөлдөрийг өөртэй нь адилхан хайртай гэдэгт бараг л итгэж байлаа. Энэ үед Төгөлдөр ажил дээрээ өргөсөн хатгуулсан мэт сууж ядан өндөлзөж цаг минут тоолон сууна. Захиалга өгсөн газар руугаа утасдаад хүлээлгэн өгсөн гэдгийг нь сонсоод жаахан ч гэсэн сэтгэл амрах шиг санагдана. Гэхдээ л айх зүйл нь урд нь хүлээж байлаа. Соёлоо түүнийг Уянгатай хөтлөлцөж явж байгааг хараад яаж гомдох, зэмлэх зэрэгцсэн харцаар харж байсан билээ дээ. Тэгээд одоо захиаг нь урж хаяад уурлаж байвал яана. Бүүр орой уулзая гээд утасдтал өөдөөс уурлаж загнавал яах билээ. Өөрийг нь аль хэдийн мартчихсаан явж байвал бүүр ичмээр хэрэг болох биш үү. Төгөлдөр уул нь тийм ч аймхай хүн биш дээ. Гэтэл Соёлоогийн утасруу залгахаас даанч нэг зүрх алдаад байсан тул түүнрүү мэссэж бичээд үзэхээр шийджээ. “Сайн уу, Соёлоо. Өчигдөр уулзах байсан газраа орой долоон цаг гээд хүрээд ирэхгүй юу. Бит чамтай уулзаж нэгэн чухал зүйлийг хэлмээр байна. Би очоод сууж байнаа, Төгөлдөр” Ингэж бичээд Соёлоогийн утасруу нь явууллаа. Дараа нь уншаад үзтэл даанч эв хавгүй утгагүй зүйл бичсэн юм шиг санагдаад, мэссэжээ буцаагаад авчихаж чадахгүйдээ удтал харамсав. Нэг чухал зүйл хэлье гэнэ үү. Үгүй чи юугаа нээх чухал гэж бодоов, ер нь юу ярихаа ч мэдэхгүй байж хэмээн өөрийгөө Төгөлдөр бухимдан элдвээр хэлж бачимдана. Юутай ч гэсэн орой очоод л хүлээж байя. Ирэхгүй байвал миний хохь биз хэмээн Төгөлдөр бодлоо. Төдөлгүй утсанд нь мэссэж иртэл Соёлоогоос ирсэн байлаа. Тэгье хэмээн бичсэн ганцхан үг нь Төгөлдөрт хичнээн их баяр хөөр авчирсаныг зүйрлэн хэлэх аргагүй билээ. Цаг нэгэнт зургаа өнгөрч Төгөлдөрийн ажлынхан нь мэр сэр тарж эхэллээ. Тэгтэл гэнэт Уянгаа залгалаа. Хүүе Төгөлдөрөө өнөөдөр хоёулаа долоо өнгөрөөд Тэнгист кино үзье, шинэ гоё кино ирсэн байна лээ, чи сайт руу нь ороод үздээ хэмээс Уянгаа хэлэх нь тэр. Төгөлдөр хэсэг түгдрээд би өнөөдөр ажилтай, даанч оройтохоос өөр арга алга хэмээн худлаа хэлж орхив. Тэгвэл маргааш үзэх үү хэмээн асуухад Төгөлдөрт анх удаа Уянгаад дургүйцэх сэтгэл төрлөө. Үгүй ээ би ажилтай гээд байна, тэгээд ч кино үзэх хүсэл алга хэмээн ширүүхэн бөгөөд эрсхэн хэлсэндээ дараа нь өөрөө ч гайхав. Урд нь өөртэй нь хэзээ ч иймэрхүү төрхтэй ярьж байгаагүйд гайхсан Уянга үнэхээр л ажил ихтэй бухимдаж байгаа юм байх даа гэж бодсоор, за тэгвэл найз нь дараа залгая хэмээгээд утсаа тавьлаа. Уянгын тухай бодох ч хүсэл Төгөлдөрт байсангүй, арай ярдаг зан гаргачихсан  болов уу  гэж санаа нь ч зовсонгүй ээ...

No comments:

Post a Comment