Monday, November 29, 2010
Hairiin tuluukh suulchiin temtsel 4
Цаг гаруйханы дараа уулзах Соёлоог л бодож байлаа. Оройн долоон цаг жаахан өнгөрөөд Төгөлдөр аль хэдийн болзсон задгай кафедаа оччихоод хүлээж суулаа. Энэ халуунд нэг аяга хүйтэн пиво уучихвал мөн сайхнаа гэж бодсон боловч, Соёлоо ирвэл таагүй санагдаж магад гэж бодоод хүйтэн ундаа уугаад хүлээж байв. Задгай кафены хоёр талынх нь орох хаалгыг ээлжлэн харж, Соёлоотой жаахан төстэй хүн харагданх төдийд зүрх нь түг түг хэмээн цохилох нь өөрт мэдэгдэнэ. Цагаа хартал долоон цаг хорин минут өнгөрч, эргэн тойрны ширээнд ч хүн ирж суух нь эрс нэмэгдэж байв. Төгөлдөр Соёлоод өөрийнхөө тухай бүх үнэнийг ирэхлээр нь нэгд нэгэнгүй тоочино хэмээн шийдсэн байлаа. Уянга тэр хоёр ямар холбоотой болох, өөрийг нь анх харсанаас хойш хэрхэн сэтгэл татагдсан, анх удаа хүнд жинхэнэ ёсоор сэтгэл зүрхээрээ дурласан тухайгаа бүхнийг ичиж зоволгүй ярихаар шийджээ. Энэ мөчид Соёлоо догдлосон сэтгэлээ барьж ядан хурдлан алхсаар задгай кафены хажуугийн хаалгаар орж ирээд, нүд гүйлгэн харсанаа хэдэн ширээний цаанаас өөрийг нь даллаж байгаа Төгөлдөрийг олж харлаа. Төгөлдөр түүнийг санаашрал зовнил, хайр гэрэлтсэн нүдээр харж байх нь тэр.Уянга энэ өдөр гэрлүүгээ нэг их яарсан ч үгүй. Төгөлдөртэй орой сайхан кино үзье гэж бодсон нь талаар өнгөрсөн тул ажлынх нь хэдэн хүүхэн нэг газар жаахан сууж байгаад харьцгаая гэхэд уриалгахан зөвшөөрчээ. Тэр хэд ярилцаж байгаад хотын төвийн задгай кафед орж сууя, одоо тэнд сайхан сэрүүхэн байгаа гэж нэгэн дуугаар тохиров. Уянгын ажлын үе тэнгийн хэдэн хүүхэн нэгэн таксид арайхийн багтан суугаад инээд хөөр болон явцгаасаар задгай кафены урд хаалгаар орж ирээд, сүүдэртэй зүүн талын ширээрүү зүглэцгээлээ. Хамгийн хойно нь хоцорч явсан Уянга гэнэт урдхан талын ширээнд ганцаараа суугаад, хаалганы зүг ширтэж буй Төгөлдөрийг олж хараад зөндөө гайхлаа. Гэтэл ширтэн буй хаалганы зүгээс нэгэн бүсгүй наашлан ирж байгааг хараад өөрийн эрхгүй Төгөлдөрөө хэмээн чангахан дуудсанаа өөрөө ч сайн мэдсэнгүй. Тэр дуунаар ирж байсан бүсгүй зог тусан, Соёлооруу ширтэсээр сууж байсан Төгөлдөр ч давхийн цочин эргэж харлаа. Уянга түүнрүү нэг Соёлооруу нэг ээлжлэн харж чи ингэж явдаг байсан юм уу хэмээн өөрөө ч мэдэлгүй шүдээ зуун хөндийн хүйтэн дуугаар хэлжээ. Энэ үгийг сонсоод Соёлоогийн царай цонхийн цайрч, гарах хаалганы зүг аяархан эргэв. Төгөлдөр одоо л өөрийгөө эцсийн сонголтоо хийх болсоныг ойлголоо. Нэг бол босч Уянгааг орхин Соёлоогийн араас явах, эсвэл эндээ үлдэж Уянгад тайлбар тавьж аргадах. Тэрээр Соёлоод чин сэтгэлээсээ хайртай болсон билээ. Төгөлдөрт даанч тухтай бодох зав байсангүй, үйл явдал дэндүү хурдан өрнөлөө. Төгөлдөр эцсийн шийдээ гаргалаа.Чи намайг уучлаарай...Төгөлдөр Уянгаад хандан ингэж хэлчихээд Соёлоогийн араас хаалга зүглэн гүйлээ. Энэ удаа л Соёлоог явуулчих юм бол дараа нь хичнээн ч уучлалт гуйж тайлбар тавиад Соёлоо хүлээж авахгүй гэдгийг зөн совингоороо мэдэрчээ.Уянга түүнийг хичнээн ч харааж зүхсэн хамаа алга, харин Соёлоогоо л алдаж болохгүй. Сайхан хайр байдаг юм шүү олдвол алдаж болохгүй гэж үг зөндөө сонссон, энд тэнд бичсэнийг ч их уншсан. Гэхдээ ер тоож ойлгоогүй билээ. Жинхэнэ үнэн үг юм байна. Хэнээс ч салсан хамаа алга, хэн ч гомдсон хамаа алга тэр битгий хэл юу ч болсон хамаа алга. Ганцхан Соёлоотойгоо л хамтдаа байхыг Төгөлдөр хүсч байлаа. Түүний энэ ухаангүй ч гэмээр үйлдлийг ганцхан хэн нэгэнд чин сэтгэлээсээ дурлаж байсан хүн л ойлгох байлаа... Соёлоо зогсооч. Соёлоо чи миний хэлэх үгийг сонсоно гэж энэ газар ирсэн биздээ, одоо яагаад явах гээд байгаа юм бэ? хэмээн гуравхан харайгаад Соёлоог гүйцсэн Төгөлдөр давчдан асуулаа. Эргэн харсан Соёлоогийн нүдэнд дүүрэн нулимс цийлэгнэх ажээ. Төгөлдөр өөрийн эрхгүй нэг л мэдэхэд Соёлоогийн гараас шүүрэн авч, Соёлоо хоёулаа эндээс явья хэмээгээд нөгөө гараараа Соёлоогийн нүдийг зөөлөн арчив. Соёлоо хэдийгээр нулимс дүүрэн нүдтэй боловч Төгөлдөрийн өөдөөс харж инээмсэглээд гараа сунган, хоёулаа гар гараасаа хөтлөлцөн тэндээс холдлоо. Хэсэг яваад Төгөлдөр ам нээж би чамайг уурлаад яваад өгөх вий гэж их л айлаа гэтэл Соёлоо инээд алдаж би чамайг тэр бүсгүйгээ аргадаад үлдэх бий л гэж зөндөө айлаа хэмээв. Тэр хоёрт түрүүчийн эвгүй байдлын ул мөр ч үлдсэнгүй ээ. Яриа ингэж эхэлсэн болохоор Төгөлдөр яриагаа эхлэх шалтаг олджээ. Соёлоо хоёулаа миний мэдэх нэгэн жижигхэн газар очьё, би чамд саяны явдлыг тайлбарлаж өгье, бас тэр бүсгүйн тухай ч ярьж өгье хэмээлээ. Хүн болж төрсөнөөсөө хойш ёстой үзээгүй юм аа үзэх нь ээ. Завгүй завгүй гээд байсан Төгөлдөр нь аль хэдийнэ өөр бүсгүйтэй болзоод зогсохгүй түүнийгээ дагаад явчихлаа. Уянгаа хүүе чи яаваа суугаачээ... Ажлынхан нь хэсэг ширээн дунд зогссоор байгаа Уянгааг гайхан харж дуудсан нь энэ ажээ. Уянга хөлөө арай ядан зөөсөөр ширээний захад нь очин суусан хэдий ч царай нь зэвхий даажээ. Гэвч тэрээр мөрөө хавчаад, биеэ эгцлэн нэгийг бодож эхлэв. Түрүүний шоконд орох шахаад байсан тэр царай нь эрс шийдэмгий болж хувирлаа. Тэрээр ажлынхан нь юуг ч ажиглаагүй мэдээд тэдэнтэйгээ инээд алдан ярилцаж, бусадтай л ижил наргиж суух мэт харагдавч, дотроо шал өөр зүйл бодох бөгөөд толгой нь сийрэгхэн ажиллана ... Төгөлдөрийг ингэнэ гэж хэн санах вэ дээ, ёстой л эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэж энэ юм байхдаа. Ичих ч үгүй завгүй ажилтай гэчихээд энд хүүхэнтэй уулзаад сууж байдаг. Уянгаа өөрийн эрхгүй доод уруулаа өвдтөл шүдээрээ зуулаа. Төгөлдөр түүнийг арай тэнэг хүүхэн ухаан муутай гэж бодоод байгаа юм биш биз. Тийм бол тэр том эндүүрч, Төгөлдөрт хичнээн итгэлээ дээ. Мөн ч олон жилийг хоёулаа хамтдаа өнгөрөөсөн дөө. Тэгтэл нэг муу уучлаарай гэж хэлчихээд өөр хүүхэн дагаад яваад өгөх гэж байгаа юм даа. Уучлаарай гэнэ үү, чиний тэр муу есөн үсгээр би яах юм хэмээн Уянга зэвүүрхэн бодлоо. Байз байз тэр хүүхнийг нэг л таньдаг санагдаад байх чинь.Бодоё бодоё.... Өө тийм саяхан орой эмээг эргээд явж байхад гудамжинд дайралдаад Төгөлдөрийг ширтээд байдаг хүүхэн мөн байсан байна шүү дээ. Яг мөн байна. Нэг л сонин ширтээд байсан, одоо бодоход Төгөлдөр буцаж очоод нэг юм хэлээд ч байсан санагдаж байна. Сая бас намайг хараад таниад, царайгаа хувилгаад байсан даг. Төгөлдөр ер нь тэрэнд аягүй бол өөрийгөө ганц бие гээд хэлчихсэн байсан даа. Өөдгүй залуу юм даа. Ханилж суухдаа тулчихаад гэнэт нэг муу хүүхэн харчихаад, хэдэн жилийн сайхан үерхэлээ ор тас мартаад байхдаа яах вэ дээ. Даанч ийм гэж Төгөлдөрийг бодсонгүй.Уянга ажлынханаасаа эртлэн саллаа. Гэртээ харьж өрөөндөө ороод гадуур хувцасаа ч тайлсангүй орон дээрээ унаад өглөө. Бодох тусамд Төгөлдөрт гомдох сэтгэл төрнө, бас тэр хоёрыг салгах гээд байгаа хүүхнийг нь үзэн ядах сэтгэл төрнө. Уянгаа салгах гээд байгаа хүүхэн гэж бодлоо, тэрээр Төгөлдөрөөс салчихлаа гэж огт бодсонгүй. Тэр муу хүүхэн салгаж чадахгүй, би Төгөлдөрөөс огт салахгүй. Бид хоёрын хамтдаа байсан тэр олон жил, бие биедээ дассан тэр олон жилүүдийг хэнбугай ч байсан ор мөргүй арчиж Төгөлдөрийг нь аваад явж чадахгүй ээ. Анх удаагаа Уянгын зүрх нь хүчтэй гэгч цохилох нь өөрт нь мэдэгдлээ. Тэрээр анх удаагаа Төгөлдөрийг хардаж, анх удаагаа бас бусдаас дэндүү ихээр харамлажээ. Тэрээр Төгөлдөртөө өөрийнхөө бодож байгаагаас ч илүү их хайртай юм байна. Яасан ч түүнээсээ салж болохгүй, аль багын л Төгөлдөрийг сонирхсон охидуудтай хэрэлдэхийг нь хэрэлдэж, шоолохыг нь шоолж бүгдийг нь дийлдэг байлаа. Тэрийг нь Төгөлдөр огт мэддэггүй өнгөрдөг байсан. Бас ганцхан өөрөө л Төгөлдөрийг тайван байлгаж, арга эвийг нь бүрэн олж сурсан билээ.Уянгаа гэнэт инээд алдан босч, хувцасаа солин хоолоо идэхээр бослоо. Тэр энэ удаа ч гэсэн ялж гарна гэдэгтээ итгэлтэй болжээ. Харин ч энэ удаагийн явдал Уянгад хэрэгтэй сургамж боллоо, хойшид харин анхаарч байх ёстой юм байна хэмээн бодоод сэтгэл нь бараг амрах шиг болоод хоолоо идлээ. Гэхдээ одоо зүв зүгээр байж байхад Төгөлдөр хүрээд ирэхгүй, сайтар төлөвлөсөн төлөвлөгөөтэй байж Төгөлдөрийгөө буцааж тэр хүүхэнээс нь салгаж авах болно. Хоолоо идчихээд Уянгаа өрөөндөө орж сэтгэл тайван сайтар бодлоо. Юуны тулд хийх ажлаа хүртэл байнга төлөвлөдөг билээ дээ. Төгөлдөрийг тэр сайтар мэднэ тиймээс түүнтэй ямар үед нь ямар байдлаар ярилцаж өөрийгөө ойлгуулахаа Уянгаа аль хэдийн шийдчихсэн байв. Харин тэр хүүхэнтэй бас ярилцаж, өөрөөр нь Төгөлдөрийг орхиулах хэрэгтэй. Тэгж байж л Төгөлдөрт өөрөөс нь өөр үнэнч, бас тууштай хүүхэн байхгүй юм байна гэж итгүүлэх болно. Хамгийн гол нь тэр хүүхнийг сайн судлах хэрэгтэй. Тэгвэл тэр хүүхэнтэй ярилцах зөв зарчимаа сонгож авч амжилтанд хүрэх болно. Хаанаас харин тэр хүүхний тухай мэдээллийг олж авах вэ. Ядаж нэрийг нь ч мэдэхгүй юм, хар таамагаар хайлтай нь биш. Яаж тэр хүүхний тухай олж мэдэх вэ хэмээн бодож байтал гэнэт нэгэн мэргэн гэмээр санаа төржээ. Уянгаа гадагшаа гарахаар зэхэн хувцасаа өмсөөд нүүрнийхээ будгийг арилган, бас нүдээ улайтал нь үрж орхиод гэрээсээ гарч бараг л инээх шахан жуумалзсаар гар утсаа гарган залгалаа. Дийд дийд дийд... Гар утасны хонх үргэлжлэн дуугарлаа. Ажил тараад харих гэж явж байсан Жавхаа утсаа хартал Уянгаа залгаж байна. Байна уу Жавхаа юу гэсэн цахиртсан дуугаар Уянга ярихад ихэд гайхав.Яасан бэ Уянга хэмээн сандран асуутал утасны цаанаас чамд боломж байвал маргааш надтай нэг уулзаач чамаас гуйх нэг зүйл байна хэмээн Уянга зангирсан хоолойгоор асуулаа. Маргааш өглөө нь ажил тараад Жавхаа Уянгааруу утасдан чи одоо хаана байна хэмээн асуугаад, Уянгын зааж өгсөн газар очихоор яарав. Юу болсон юм бол гэж бодоод Жавхаа юу ч бодож олж чадсангүй. Уянга хэзээ ямагт л сайхан ааштай тайван байж хааяа хүн цаашлуулаад л инээж сууж байдаг, уйлж гуниж байхыг нь Жавхаа лав мэдэхгүй юм байна. Төгөлдөртэй муудаа юу гэж бодох гэтэл тэр хоёр хэзээ ч чи би дээ хүрч маргаж уйлалдаж байгаагүй байдаг. Юутай ч очиж байгаад учрыг нь олоё доо хэмээн Жавхаа бодов. Утсаа тавиад Уянга цүнхнээсээ толио гарган нүүрээ харлаа, нээрээ их үнэмшилтэй ярилаа шүү. Одоо харин нүдээ дахиад жаахан нэмээд нухалвал бүүр болоод явчихна. Жавхаагийн яаран ирж байгааг бодохоор инээд нь дахиад хүрлээ. Жавхаа бол Төгөлдөрийн хар багын ганц найз нь. Уянга багадаа Төгөлдөрөөс салахгүй дагаж тоглоом болгонд л Төгөлдөрийн талд орж, Жавхаа ихэнхдээ хожигддог байсан тэр үеэс хамтдаа өсч, зөвхөн Төгөлдөрийн ч биш бас Уянгаагийн сайн найз нь болсон юм. Одоо л Жавхаа минь туслахгүй бол хэзээ туслах вэ дээ.Уянгаа уулзах газраа хажуу талын ширээний хүнд яриа дуулахдааргүй харин ч өөрөө бас нүүрээ нуучихаар бүрэнхий бас дуу чимээтэй газар сонгон тухлав. Арван минут ч бололгүй Жавхаа ирж, Уянгаагийн улайсан нүд, уруу царайг хараад яасан хэмээн гайхширч хажууд нь суудал татан авч суулаа. Төгөлдөр зүгээр үү, танайхан зүгээр үү, чи яагаа вэ хэмээн дуугүй л суугаад байсан Уянгааг гайхсан Жавхаа асууж гарлаа. Найз нь зүгээр ээ. Чамаас харин гуйх зүйл байна. Жавхаагийн гайхан харж байгааг хараад Уянга хэллээ. Төгөлдөр өөр бүсгүйтэй болсон байна... Жавхаа ёстой л хүйтэн ус цацуулсан юм шиг гайхширч орхив. Худлаа байлгүй дээ яалаа гэж хэмээн дуу алдсанаа Уянгааг хараад үнэн юм байна хэмээн тэр дороо үнэмшлээ. Гэхдээ л Төгөлдөрт итгэж чадахгүй байлаа, бараг удахгүй хурим хийх гэж байсан хоёр чинь яагаад ийм болчихдог байна аа. Урд нь мэгшин уйлах Уянгааг Жавхаа тайтгаруулах аргаа олж ядна. Найз нь туслалгүй яах вэ, Төгөлдөр тэгэх ёсгүй, чи яг баттай мэдэж байна уу хэмээн үглэж гарлаа. Жаахан суугаад Уянгаа уруу царайлан яриагаа эхлэв. Төгөлдөрийг сүүлийн үед уулзахад хөндий байдаг болоод гайхаж байтал нэг бүсгүйтэй болчихсон уулздаг болсон тухай, бас тэр хоёртой тааралдахад түүнийг хэрхэн орхиод, нөгөө хүүхнийхээ араас гүйгээд яваад өгсөнийг нь хэлж ямар тус хэрэгтэй байгаагаа ч нуухгүй ярилцжээ.Төгөлдөр бид хоёрыг салгах гээд байгаа хүүхэнтэй би очиж уулзмаар байна, би түүнд Төгөлдөрийгөө миний хувьд ямар чухал хүн болохыг хэлж ойлгуулмаар байна. Тэр эмэгтэй намайг ойлгох байх харин дараа нь би Төгөлдөртэй уулзана, чи надад тэр бүсгүйн нэр ажил гэрийнх нь хаягийг л олоод өг, би тэр бүсгүйтэй уулзаж уйлж байгаад ч болов Төгөлдөрийгөө буцаагаад авна хэмээн Уянгаа яриагаа төгсгөлөө. Энэ зуур Жавхаа дотроо тийм авир гаргасан гэж Төгөлдөрийг гайхаад барахгүй байв. Ямар нэгэн аальгүй хүүхэн түр зуур уруу татаа биз, би одоо явж Төгөлдөртэй уулзлаа чамайг хүргээд өгөх үү хэмээн Жавхаа суудлаасаа өндийв. Хэрэггүй ээ харин тэр бүсгүйн л мэдээлэл хурдан хэрэгтэй байна хэмээгээд Уянга Жавхаад юу юу гэж асуух, Төгөлдөрөөс сэжиг авахуулалгүй хэрэгтэй зүйлээ яаж асууж авахыг сайтар зааж өгөөд мөн өөртэйгээ уулзсан гэдгээ ч хэлэхгүй нуухыг зөвлөөд гэрлүүгээ алхан харихаар шийдлээ. Хэргийнхээ талыг нь бүтээчихсэн болохоор бас ч гэж санаа амар, одоо Жавхаа миний үгнээс гарахгүй, харин одоо утсаа чагнаад хүлээж суух үлдэх нь тэр. Уянгаа гэртээ хариад зурагтаа асаан, солонгосын нэгэн савангийн дуурийг ихэд шохоорхон үзлээ. Жавхаа Уянгаагаас салаад гар утсаа шүүрэн авч залгаад, сайн уу Төөгөө найз нь байна аа ажил тараад явж байна, чи нэг зав гаргаад уулзаач, ойрд уулзаагүй хоёулаа ганц ганц аяга пиво ууя хэмээн ятгасаар байгаар Төгөлдөрийг гэрээс нь гаргаж ирэх боллоо. Төгөлдөрийг хүлээнгээ Уянгаагийн хэлсэн нэгд нэгэнгүй толгойд нь орж, үгүй ер энэ олон жил сайхан үерхчихээд хурим хийх болохоороо салж өөр хүүхэнтэй орооцолдож байдаг энэ Төгөлдөр үү хэмээн дотроо зэмлэнгүй бодсоор суув. Эхлээд утас хаягийг нь авчихая, дараа нь нэг сайхан загная байз хэмээн тамхи асаангаа Жавхаа төлөвлөж байжээ. Тун удалгүй араас нь дал мөрийг нь цочтол алгадахад, дуу алдан эргэн харвал Төгөлдөр ирчихсэн инээд алдан зогсох бөгөөд нэг нэг чингис хэмээн хашгираад Төгөлдөр бас л инээд алдсаар хажууд нь лаг хийтэл суув. Үгүй ер чи чинь яасан жаргалтай байх юм хэмээн Жавхаа тэсэлгүй хэлчихлээ. Үнэхээр Төгөлдөрийг царай нэг л гэрэлтсэн юмуу, цайсан ч юм шиг өнгө орчихсон байв. За битгий цаашлуулаад бай гээд Төгөлдөр хариулаад хоёр найз хэсэг зуур ойр зуурын юм ярьж, аль хэдийн аяга аяга пиво уусны дараа Жавхаа дахин захиалга өгөөд зорьсон хэрэгтээ оржээ.За миний найз надад үнэнээ хэлчих, би чамайг нэг бүсгүйтэй ихэд дотно явахыг чинь харлаа. Юу болоод байна аа, би Уянгаатай ярьсан ч үгүй шууд л чамаас асуух гээд дуудсан юм хэмээн Жавхаа хэлээд Төгөлдөрийг сайтар ажиглав. Юу ч гэхэв дээ, үнэхээр нэг бүсгүйтэй уулздаг болсоон. Тэгэхдээ уулзаж эхлээд долоо ч хоноогүй байна, тэгэхдээ би тэрнийг аль эртний мэддэг юм шиг тийм л дотно байгаа хэмээн Төгөлдөр аяархан ярьлаа. Яалаа гэж тэгж байгаа юм бэ, Уянгаа яасан юм яагаад чи түүнийг орхиж байгаа юм гэж Жавхаа нэг том дуугарчихаад, үндсэн зорилгоо санаад чимээгүй болж дахин пивоор шахаж эхлэв. За миний найз одоо яахав, эр хүн аль алдахыг тэр гэхэв хэмээн элдвийг асуусаар Жавхаа Төгөлдөрт нилээдгүй пиво уулгаж амжаад бэлдсэн асуултаа асууж эхэллээ.Тэр бүсгүйг нь Соёлоо гэдэг ажээ. За одоо хоёулаа явья даа, хэмээн Жавхаа өндийлөө. Жавхаа аль хэдийн мэссэж бичие гэх нэрийдлээр Төгөлдөрийг утсыг авч Соёлоо гэж томоор бичсэн дугаарыг харж амжив. Хоёр найз салж өөр өөр тийшээ харих байлаа. Жавхаа Төгөлдөрт хандан за миний найз сайн дахиад бодоорой, Уянга та хоёр хар багаасаа л бие биеэ мэднэ, тэгээд одоо энэ олон жил өнгөрсөний дараа салах болвол Уянгад хичнээн хэцүү байх билээ дээ, тэр чинь ямар ч гэм хийгээгүй шүү дээ. Чи түүний олон жил чамайг гэж явсан сэтгэлийг нь бодоорой хэмээн захиад салж одлоо. Төгөлдөр уруу царайлан гэрлүүгээ харихаар явахад, толгойг нь элдэв асуулт бөмбөр мэт нүдэх ажээ. Уянгаа түүнд ямар ч буруу зүйл хийгээгүй байхад нь хаяад өөр хүний араас явсан нь үнэн. Тэгэхдээ хүний сэтгэлийг яалтай билээ, бүх зүйлээсээ салаад ч болов Соёлоотойгоо л байвал боллоо гээд зүрх нь цохилоод байгаа юм чинь би яах юм бэ. Уянгааг гомдоосноо мэдэж байна аа, тэгэхдээ л нэгэнт эргэж нийлэхгүйгээс хойш юу ч гэж хэлж уучлалт гуйх билээ. Харин маргааш Соёлоотойгоо уулзана, ажил тараад соёл амралтын хүрээлэн явж хүүхэд шиг л тоглоно гэж бодоход цээжинд нь хурж байсан бараан үүлс арилах шиг болжээ. Уянгаагийн утас оройн арван нэгэн цаг болж байхад жингэнэн дуугарлаа. Ашгүй Жавхаа ярьж байна, ажил нь бүтсэн юм болов уу. Аан Жавхаа байна цаадахтай чинь уулзлаа, олон юм хэлмээр байсан боловч чиний сануулгыг дагаад л асуух юм аа асуугаад орхисон хэмээн утасны цаанаас тайлан тавьж гарав. За миний найз сэтгэлээр битгий унаарай сэргэлэн байгаарай, хоёулаа цаадахыг чинь тэр хүүхнээс нь салгана би маргааш дахиад ярьнаа гээд Жавхаа утсаа тасаллаа.Тийм бий... Соёлоо гэдэг юм байна, гадаадад хоёр жил болж ирээд ажилд ч ороогүй байгаа юм шив. Гадаадад залуучууд мундсан биш, очиж очиж Төгөлдөртэй ирж холбогдож байдаг. Нэг аальгүй хүүхэн л байгаа биз, томоотойгоор нь Төгөлдөрийн толгойг эргүүлэх гэж бодож л дээ, гайгүй байлгүй чи Уянгаа гэж хэн болохыг үзнээ гайгүй хэмээн Уянгаа зэвүүрхэн бодоод Жавхаагийн хэлж өгсөн утасны дугаарыг гар утсандаа өөр нэрээр тэмдэглэж авлаа. Маргааш уулзая Соёлоо гэж амандаа шивнээд Уянгаа орондоо шурган орж утасныхаа сэрүүлгийг тавиад нам унтаж орхив.Гар утас жингэнэ дуугарч мэссэж ирэх чимээнээр Соёлоо нойрноосоо сэрлээ. Цаг өглөөний найм өнгөрч байгаа ч гэсэн зуны өглөөний нар аль хэдийн гэрээр нэг тусчихсан байлаа. Утсаа нээвэл Төгөлдөрөөс мэссэж ирсэн байлаа. “Сайн уу, миний найз сайхан амарсан уу.Өдөр хамт хооллох уу, эсвэл ажил тараад паркаар зугаалах уу, чи сэрээд хариу бичээрэй” гэж бичсэн зурвасыг уншаад инээмсэглэн хариу бичлээ. Тэгээд эртхэн босч хамаг хувцасаа угааж гарав. Маргааш бямба гариг болохоор тэр хоёр Соёлоогийн зусланруу хамтдаа явья гэж өчигдөр Төгөлдөр шалсаар байгаад зөвшөөрүүлсэн билээ. Ойрд парк орсон биш дээ, хэдийгээр бусад орны парктай зүйрлэшгүй нь үнэн боловч, хайртай хүнтэйгээ жижигхэн цөөрөм дотор ёроолоор нь ус шүүрсэн завиар зугаалсан ч сайхан шүү дээ. Тэгээд ч ирэх жилээс хаагдана гэсэн юм чинь хоёулаа жаахан хүүхэд шиг тоглоод авахад буруудах зүйл юу байхав дээ. Соёлоо гэртээ сайхан хоол хийгээд Төгөлдөрийг урихаар шийдэв, арван хоёр цаг дөхүүлээд огт мэдээгүй байхад нь ирж хоол ид гэж утасдая, лав их баярлах байх хэмээн бодоод шаламгай гэгч нь гэрээ цэвэрлэж эхэллээ. Арван нэгэн цаг аль хэдийнэ өнгөрч Соёлоо гэрээ цэвэрлэж дуусаад, хормогчоо шүүрэн авч өмсөөд гал тогоо руугаа хоолоо хийхээр оров. За байз ямар хоол хийж өгөх вэ, юутай ч өөрийнхөө хамгийн амттай хийдэг чинжүүтэй салатаа эхлээд хийчихэе. Дуртай хөгжмөө сонсоод л хайртай хүндээ хоол хийгээд л сууж байхад үнэхээр жаргалтай байдаг юм байна даа. Дандаа ингээд л Төгөлдөртөө хоол хийгээд л сууж байдаг бол ямар гоё вэ гэж сэтгэлд бодогдох шиг. Ер нь одоо нас биед хүрчихлээ хайртай хүнтэйгээ дандаа хамтдаа байж, хоёулаа хүүхдээ хөтлөөд хамт байвал хичнээн сайхан бэ гэж Соёлоод бодогдон, ёстой жинхэнэ өөрийнхөө амьдралыг зохиомоор санагдлаа. Дийд дийд хэмээн гар утсны хонх нөгөө өрөөнөөс жингэнэлээ. Төгөлдөрийг юм болуу хэмээн яаран гүйж очоод утсаа хартал өөр дугаар. Сайн уу чи Соёлоо юу гэх намуухан бөгөөд гунигтай хоолойтой эмэгтэй хүн асуулаа, тиймээ би байна. . . Соёлоо утсаа тавиад орон дээрээ сууж хормогчоо тайлан хажуудаа тавьлаа. Одоо хоол хийх хэрэггүй боллоо, орой парк явах ч хэрэггүй. Орой долоон цагаас Уянгаатай уулзана . . . Юутай ч Төгөлдөрт энэ тухайгаа хэлэхгүй байя, уулзсаныхаа дараа тайлбарласан нь дээр биз гэж бодоод Төгөлдөрт мэссэж бичлээ. “Төгөлдөрөө найзад нь ажил гарлаа, төлөвлөгөөгөө түр хойшлуулья, би орой чамруу өөрөө залгаж тайлбарланаа. Түр баяртай” Уянгаа ажил дээрээ тогтож чадахгүй өндөлзсөөр байлаа. Бушуу ажил тараасай. Төгөлдөрийн тэр унаж үхэх гээд байгаа хүүхнийг харах юм сан, надаас юугаар ч илүү байсан Төгөлдөрийг түүнд өгнө л гэж байхгүй хэмээн зэвүүрхэн бодлоо. Яаж ярилцахаа харж байгаад шийдэе дээ, өглөө бол гуниг гутралдаа автсан хүн болж ярьсан, хэрвээ үр дүнгээ өгөхгүй бол хатуухан ярих юм шүү. Олон янзын харилцагчдын учрын олоод ажилладаг юм чинь тэр зэргийн хүүхэн гайгүй байлгүй хэмээн бодоод Уянгаа гарахаар зэхлээ. Соёлоо зургаан цаг өнгөрөөгөөд Уянгаагийн уулзая хэмээн тогтсон бяцхан кафенд очин хаалгаар орвол хүн цөөтэй байх бөгөөд, хамгийн булангийн ширээнд суусан хүүхнийг Уянгаа байна хэмээн таалаа. Өөдөөс хүрч ирсэн Соёлоог хараад Уянгаа байдаг л нэг жирийн хүүхэн байна даг, Төгөлдөр энүүний юунд нь болсон юм болоо хэмээн гайхшрав. Төгөлдөр Соёлоогийн юуг нь онцгойлоогүй зүгээр л хайртай болчихсон, чин сэтгэлээсээ дурласан гэдгийг Уянгаа ойлгохгүй л байлаа…Сайн уу намайг Уянгаа гэдэг чи Соёлоо юу хэмээн даруухан мэндлээд хажуудаа суухыг урьлаа. Соёлоог хүйтэн ундаа захиалсаны дараа Уянгаа яриагаа эхэллээ. Чамаас би нэг зүйл гуйх гэж уулзая гэсэн юм аа, бид хоёр чинь эмэгтэй хүмүүс шүү дээ. Төгөлдөр бид хоёр хар багаасаа үерхэж өссөн, би түүнийг миний хайртай хүн амьдралын минь хань гэж итгэж явсан юм. Одоо надад хичнээн хэцүү байгааг чи төсөөлөөч. Би түүндээ маш их хайртай, чи адилхан залуу хүн байна миний зовлонгоор жаргал хийхгүй байх гэж итгэж байна хэмээн Уянгаа учирлан гуйлаа. Нүд нь бүлтгэнэж нулимс гүйлгэсэн бүсгүй өөдөөс нь харан уйлж байгааг хараад Соёлоо санаа зовж, өөрийн эрхгүй тайвшир битгий уйл хэмээн аргадаж гарав. Тэр маань миний амьдрал шүү дээ, бид хоёрын сайхан үерхэлийг битгий ингэж таслаач дээ, нүдэндээ нулимс дуслуулан хэмээн гуйх Уянгаа Соёлоод үерхэлийнхээ бүхий л түүх, гэр бүлийнх нь холбоо бусад дурсамжаа яриж эхлэв.Соёлоогийн дотор харанхуйлж эхэллээ одоо яг л Уянгаа шиг уйлмаар санадлаа. Би чинь Ханболдоос салаад хоёр жил яаж шаналлаа даа. Тэрийгээ мартаад өөр шигээ бүсгүйг Соёлоо өөрөө уйлуулж, сэтгэл зүрхийг нь шаналгаад явж байж болох уу даа. Төгөлдөрөөс салая дахиж уулзахгүй гээд хэлэх гэхээр дэндүү хайртай болсон өөрөө яах билээ. Төгөлдөртэйгээ уулзахгүй, хамт байхгүй амьдралыг юу ч гэж нэрлэх билээдээ. Гэтэл Төөгөөгөөс салчихвал өөрөө хичнээн их шаналах билээ. Соёлоогийн өрөвдсөн бас эргэлзсэн царайг хараад Уянгаа дахин дайралт хийхээр шийдлээ. Соёлоо бид хоёр энэ намар хуримаа хийхээр тохирсон юм аа, би бүр даашинзныхаа загварыг нь хүртэл бодож олсон гээч. Бид чинь хамаатан садан, найз нөхөддөө бүгдэд зарлачихсан байсан, би яасан азгүй хүн бэ. Энэ хэдэн хоногт зүрх минь өдөр бүр л хэсэг хэсгээр урагдаж байх шиг болж байна, би олон жил зөвхөн Төгөлдөртөө л үнэнч байсныхаа төлөө ийм байдалд орох учиртай гэж үү хэмээн хэлэхэд Уянгаагийн зүрх үнэхээр хатгуулан өвдлөө. Хэрвээ энэ хүүхэнд Төгөлдөрөө алдчихвал яанаа гэж одоо л жинхнээсээ айж эхэлжээ. Төгөлдөрөөсөө сална гэж бодонгуут Уянгаагийн нулимс дахин асгарч, Соёлоогийн гараас барьж чин зүрхнээсээ гуйлаа. Чи бид хоёрыг орхиоч гуйж байна, би Төгөлдөрөө уучилна. Ганцхан чи .. . Ганцхан чи . . . . . Ганцхан чи л . . . Соёлоо согтуу юм шиг гуйван дайван гадаа гарлаа. Тэнгэр цэлмэг, нар жаргаагүй байхад яагаад эргэн тойрон харанхуй байгаа юм бэ. Ийм харанхуйд зөрж өнгөрч байгаа хүмүүс яаж замаа олж, яаж ийм харанхуйд зарим нь инээж чадаж байгаа юм бэ. Соёлоо нүүрээ даран замын хажууд сууж мэгшин уйллаа, зүрх нь хагарчих шахан өвдөж байлаа. Сэтгэл өвдсөнд орвол бие минь өвдөхгүй даанч яав даа. Тэгвэл зүрх шимшрэхгүй яасан их амар байх бол, сэтгэл минь битгий намайг ингэж зовоо л доо. Хайртай хүнээ өөрийнхөө гараар түлхээд хаячихлаа. Зүрхээ өөрийнхөө гараар базаж байна, цус шүүрсэн энэ шарх хэзээ ч миний хувьд эдгэхгүй. Өдөр бүр л цус шүүрэн зүрх сэтгэл хөндүүрлэсээр явах болно…Тиймээ Соёлоо дахин Төгөлдөртэй хэзээ ч уулзахгүй хэмээн Уянгаад амлажээ. . . Угаасаа л би азгүй төржээ, тиймээс Төгөлдөртэй уулзсан минь ч бас миний нэг алдаа байсан. Гэм буруугүй өөртэйгээ ижил бүсгүйн зүрхийг гомдол шаналал дунд орхичоод өөрөө жаргаад явсанаас, азгүй төрсөн өөртөө гомдоод гэмгүй хүний аз жаргалыг буцаагаад өгсөн нь дээр. Тэгэхгүй өөрийгөө бодвол Соёлоо хэзээ ч өөрийгөө уучлахгүй, нэгэн бүсгүйн гомдол шаналалаар аз жаргал олж авсанаас зүрхэндээ шархтай хоцорсон нь дээр. Соёлоог гарсаны дараа Уянгаа сүүлчийнхээ нулимсыг арчаад толь гарган нүүрээ харлаа. Хэцүү ч гэлээ хэрэг бүтлээ, одоо ийм нүүртэй дээрээ Төгөлдөр дээрээ очиж уулзах хэрэгтэй. Чамдаа би ийм хайртай гэдгээ урьд нь хэзээ ч анзаарч байгаагүй юм байна шүү. Гудамжинд сөхрөн суугаад мэгшин уйлж байгаа Соёлоог хараад, Уянгаа хялалзан харсаар эсрэг зүгрүү нь эргэн зам гарахаар хурдлан алхалж явлаа.Aль хэдийн ажил таржээ. Түрүүнээс хойш хичнээн ч их залгаад Соёлоо гар утсаа авсангүйд Төгөлдөр жаахан гайхлаа. Ажилтай гэж мэссэж ирэх нь ирсэн, гэхдээ л орой хоёулаа паркаар зугаалж, маргааш хамт зуслан явья гэж тохирсон доо. Гэнэт мэссэж ирлээ, хартал ашгүй Соёлоогоос байж Төгөлдөрийг баярлууллаа.“Уучлаарай Төгөлдөрөө би зусланруугаа явж байна, чамтай цуг зугаалж чадахгүй нь. Бас хүсэхгүй байна. Бид хоёрын зам нийлэхгүй юм байна, ингээд салъя даа. Дахиж залгаад хэрэггүй “ гэж Соёлоо бичсэн байх ажээ. Төгөлдөрийн нүд нь өөрийн эрхгүй бүрэлзэж сандал дээрээ суун туслаа. Тэр дор нь эргээд залгасан боловч Соёлоо аль хэдийн утсаа салгачихсан байх нь тэр. Төгөлдөр нь дотор нь бачимдан яах учраа ололгүй гөлийн суулаа. Өчигдөрхөн хоёулаа хичнээн сайхан байлаа даа, орой зугаална, маргааш хамтдаа зуслан явж амрая гэж тохирчихоод хичнээн сайхан байлаа. Ажил дээрээ нэг л аз жаргалтай хүн инээд алдаад суугаад байсан чинь. Би түүнийгээ гомдоох, ийм хатуу үг дуулах юу хийсэн хүн бэ. Ерөөсөө шууд хойноос нь зуслан явья. Шаргаморьт зуслангийн бүх байшингаас асууж байгаад ч хамаагүй Соёлоогоо олж уулзая хэмээн гэнэт шийдэн ажлаасаа гарлаа. Ажлын хаалгаар дөнгөж гартал өөдөөс нь зэвхий царайтай, уйлсанаас нь болж нүд нь улайсан Уянгааг хараад өөрийн эрхгүй сандран тосон очив. Яасан бэ Уянгаа хэмээн асууж амжаагүй байхад Уянгаа Төгөлдөрийн цээжинд наалдан эхэр татан уйлах нь тэр.Урд нь хэзээ ч ийм гомдолтой уйлж байгаагүй, тэр байтугай юунаас болж хэдэн удаа уйлсаныг нь Төгөлдөр бараг тоолж мэдэх билээ. Уянгаагийн нулимс Төгөлдөрийн цамцыг нэвтэлж цээжийг нь халуу оргиулан төөнөнө. Төгөлдөр одоо л Уянгааг ямар хэцүү байгааг бүрэн ойлгох шиг боллоо. Ямар ч буруугүй Уянгааг элдэв тайлбаргүйгээр зүгээр л орхичисон нь дэндүү муухай харгис хэрэг болжээ. Хичнээн ч удаан хоёр биеэ гэж үерхсэн билээ дээ. Гэхдээ бидний үерхэлд дассан сэтгэл байснаас хайр байгаагүйг Уянгаад ойлгуулах, бас түүний өмнө буруутайгаа хэлж түүнийг тайвшруулахыг хүслээ. Уянгаа тайвширдаа, одоо нүүр нь муухай боллоо, хоёулаа манайд очиж сайн ярилцая гээд гараас хөтлөн гэрлүүгээ харьлаа. Юутай ч гэсэн огт буруугүй Уянгаагаа ингэтлээ зовоож уйлуулсандаа Төгөлдөрийн сэтгэл одоо шимширч, юу ч болоогүй мэт дан ганц өөрийн жаргалыг хөөгөөд явсандаа санаа нь ихээр зовж эхлэв. Соёлоо маань удахгүй уур нь гарч утсаа асаах биз, хэрвээ утсаа асаахгүй бол өглөө эртлэн зуслан явж Соёлоогоо хайж олж уулзая хэмээн шийдэв. Харин одоо Уянгааг тайвшруулж буруугаа хүлээнэ. Бас өөрийгөө хэдий буруутай ч гэлээ жинхэнэ сэтгэл зүрхээрээ хүнд дурласан болохоор хичнээн ч өөрийгөө хүчлээд Уянгааг хайрлаж чадахгүй гэдгээ тайван сууж ярилцаж ойлгуулахыг хүсчээ. Хуучин янзаараа Төгөлдөрийн гарт нь наалдаад явж байгаадаа Уянга сэтгэл ихэд хангалуун байлаа. Одоо гэрт нь очоод Төгөлдөрт Соёлоотой уулзсан гэдгээ харин яаж эвтэйхэн хэлэх вэ, Соёлоо хэлсэндээ хүрэх юм бол би Төгөлдөрийн аргыг эвтэйхэн олчихно, хамгийн гол нь энэ хоёрыг дахин уулзуулахгүй байлгах арга олох хэрэгтэй байна гэж Уянгаа элдвийг эрэгцүүлэн бодож явлаа. Удалгүй тэр хоёр Төгөлдөрийн гэрт нь ирлээ, гэрийнхэн нь Уянгаа Уянгаа ирлээ хэмээн баярлалдан өгүүлэх боловч үсээ жаахан урагш унжуулсан Уянгаагийн нүүрийг нь олж харсангүй. Уянгаа цовоо дуугаар мэндлээд бушуухан Төгөлдөрийн өрөөг зүглэлээ, муудалцсан тухайгаа гэрийнхэнд нь мэдүүлэх нь Уянгаагийн төлөвлөгөө биш. Төгөлдөр гэртээ байдаг Уянгаагийн аяга хэмээн нэрлэдэг бариултай шилэн аяганд халуун цай хийж Уянгаад өгөөд, өрөөнийхөө үүдийг сайтар хаагаад орон дээрээ сууж Уянгаагийн өөдөөс харав. Уянгаа босч Төгөлдөрийн орны дээл талд зэрэгцэн суугаад орны дээдэх бяцхан шүүгээний дээд шургуулгыг татан онгойлголоо. Уянгаа Төгөлдөрийн сэтгэлийн хамгийн эмзэг газрыг олж хөндсөн нь тэр байлаа. Төгөлдөр орныхоо тэндэх шүүгээний дээд талын шургуулгад Уянгаагын дуртай хоёр шоколодыг заавал авч тавьдаг сан. Бүр хэрэг болгон байн байн шалгаж байж гэрт нь ирэхээс нь өмнө хоёуланг нь авч тавьдаг. Тэгээд Уянгаа ирэх бүрдээ хамгийн түрүүнд орных нь шүүгээг уудалж хоёр шоколадаа хараад, инээд хөөр болон баярлаж иддэг болсоор олон жил өнгөрсөн билээ. Уянгааг орныхоо шүүгээг уудалж байх зуур энэ бүхнийг Төгөлдөр хоромхон зуур эргэн санаад сэтгэл нь шимширлээ. Тэр дороо Уянгаа өөрийнхөө дуртай шоколадаа гартаа атгаад яаралгүй задлан хэсгийг нь Төгөлдөрийн аманд хийлээ.Төгөлдөрийн зүрх нь түг түг цохилно. Түүний бодсончлон тийм ч амархан салая гээд хэлчихэж чадахгүй нь дээ. Харахгүй байхдаа зүрхтэй байлаа, одоо харин хажууд нь байхад би өөр хүнд хайртай гээд ам дүүрэн хэлчихэд ямар хэцүүг ойлгож эхэллээ. Уянгааг тэрээр хайртай бүсгүй, ирээдүйн ханиа гэж өөрийнхөөрөө хайрлаж байсан нь хэдхэн шахуу хоногийг өмнө биш гэжүү. Аман дотор нь хайлмагтах шоколадны танил амт, гуниг дүүрэн харцаар өөд хараад суух Уянгаагын сүрчигний дотно үнэр Төгөлдөрийн сэтгэлийг туйлын ихээр шаналгана. Яасан ч гэсэн би Соёлоодоо хайртайгаа хэлэх хэрэгтэй. Хичнээн их хэцүү байсан ч хэлэх л хэрэгтэй. Учир нь Соёлоо түүнд хайртай болохоор өөрийгөө хүчээр бариад Уянгаатай үлдчихвэл Соёлоогийнх нь зүрх нь хичнээн их өвдөх бол. Ямартай ч Соёлоогоо зовоохгүй юм сан. Хайр сэтгэл нэг ирэхдээ ийм их шаналал зовлон дагуулан ирнэ гэж Төгөлдөр урд нь төсөөлж ч байсангүй .....
Labels:
zohiol
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment