Уянгаа Уянгаа Төгөлдөрийн хүзүүгээр гараа оруулан эвтэйхэн тэвэрч мөрөнд нь толгойгоо түшин наалдлаа. Төгөлдөр түүний гарыг салгах юм уу, өөрөө холдоод суух ямар ч тэнхэл байсангүй ээ. Төөгөө минь чи намайг эхлээд сайн сонс, дараа өөрөө яриарай би өнөөдөр Соёлоотой уулзсаан. . . . Тиймээ Төгөлдөр босон харайх шахсан ч Уянгаагийн үгийг дуустал сонсож бүхнийг сайтар ойлголоо, одоо Соёлоо утсаа салгасан шалтгааныг мэдэж авлаа. Тэрээр яах ч учраа олсонгүй. Зүрх нь хоёр хэсэг хуваагдсан юм шиг л санагдана. Өөрийг нь зөөлхөн гараараа тэврэн байж учирлан ярьсан Уянгааг буруутгаж чадсангүй, хэдийгээр хэцүү боловч буруу зүйл хийсэн гэж буруутгаж чадсангүй ээ. Харин ч түүнийг өөрийг нь алдахгүйн тулд өчнөөн зоригтой алхамуудыг хийснийг сонсоод, өөрт нь хайртай сэтгэл нь яг л өөр шиг нь шаналж байгааг сайн ойлгожээ. Тиймээс Уянгаа ч гэсэн буруугүй юм даа. Түүний яриаг сонсоод Соёлоотой уулзсан гэх төдийд л үсрэн босч уурлах болов уу гэж бодож суусан Уянгаа жаахан гайхасхийлээ. Төгөлдөр уурлах нь бүү хэл, царай нь цонхийн улам бүр урвайн дуугүй болж байггааг ажиглаад Уянгаа сайны тэмдэг хэмээн бодчихов. Тэгээд хүзүүгээр нь тэврэсэн гараа алгуурхан суллан авч, орны урд өөдөөс нь харж газарт тулан суугаад уруулыг нь зөөлөн үнсэхээр тэмүүллээ.Төгөлдөр Уянгаагын гараас нь барин босгоод, өөрийнхөө хажууд суулгалаа. Тэгээд хоёр гараараа толгойг нь бариад, духан дээр нь зөөлөн үнслээ. Уянгаа минь дээ би чамайг үнэхээр ойлгож байна, олон жил үерхсэн чамайг гомдоож, итгэлийг чинь алдсан даа би үнэхээр буруутай.Хэрвээ болдогсон бол би чамдаа буруугаа хүлээгээд хоёулаа урдынхаа адил хамт байх сан. Би өөрийгөө бодохгүй байж чадна, гэхдээ намайг гэсэн тэр бүсгүйг орхиж үнэхээр чадахгүй нь хэмээн Төгөлдөр шүүрс алдан хэллээ. Би тэгээд чамайг гэдэггүй болж байна уу хэмээн Уянга арай ядан асуулаа, түүний өөртөө итгэлтэй байдал бага багаар арилан эргэлзэж эхэлжээ. Яалаа гэж дээ, гэхдээ сохор дурлал гэж үнэхээр байдаг юм байна. Одоо надад тэр бүсгүйгээс өөр зүйл үнэхээр бодогдохгүй байна. Би үнэхээр муу залуу юм даа, даанч сэтгэл гэдэг нэг ирэхээрээ өөрийнхөө бурууг ойлгоод байвч, зүрхээ татаад авч болдоггүй юм байна, би Соёлоотой байх ёстой хэмээн Төгөлдөр зөөлөн боловч эрсхэн дуугаар хэллээ. Тэгвэл Соёлоо чамтай хамт байхыг хүсэхгүй бол яах вэ гэж Уянга яах ч учраа ололгүй асуулаа. Чамайг Соёлоод юу гэж хэлсэнийг би мэдэхгүй ээ, гэхдээ би чамайг ердөө ч буруутгахгүй байна. Чиний хувьд буруутай зүйл хийснээ би мэдэж байгаа учир надад чамайг ингэлээ тэглээ гэж зэмлэх эрх байхгүй ээ. Харин нэг л зүйлийг ойлгуулах гэсэн юм аа. Соёлоо өөрөө л намайг харах хүсэлгүй хөөж туудаггүй л юм бол, би Соёлоогоос одоо салж чадахгүй ээ, салж чадахаасаа өнгөрсөн байх хэмэн Төгөлдөр шийдэмгий хэллээ. Саяхан л хэлж чадахгүй чичрэх шахам байсан үгээ ингээд Уянгаад хэлчихсэндээ Төгөлдөр өөрөө ч гайхлаа. Уянгаагийн хоолойд нэг л бөөн хар зүйл тээглэх мэт болж, нүдний нулимс нь өөрийн эрхгүй хацрыг нь даган чимээгүй бөмбөрөв. Арай ч дээ, бүүр ийм дээрээ тулчихсан байдаг. Түүнийг Уянгааг хаяхад энэ хүн бэлэн болсон байна, цаад хүндээ дурлачихжээ. Уянгаа түүнтэйгээ хамт байхын тулд яах аргаа олж ядаж байхад, хайрт нь өөр бүсгүйд хөөгдөөд ч хамаагүй хажууд нь байхыг хүсэж байна. Юу гээч нь болоод байна даа. Ганцхан сарын өмнө энэ тухай зүүдлэх ч үгүй байсан, тэр байтугай өөр хүнд ийм явдал тохиолдсон бол итгэхгүй шахам байх байлаа. Одоо гэхдээ уйлаад суугаад байх цаг биш, хайртай хүнээ алдах үгүй нь Уянгаагаас өөрөөс нь шалтгаалж байх шиг байна. Ийм зан гаргалаа гээд Төгөлдөрт дургүй болохгүй, магадгүй бүүр ч хайртай болох нь үнэнээс хойш Уянгаа илүү ухаалаг байж илүү шийдэмгий, зальтай алхамууд хийх хэрэгтэй. Тэгж байж л хайртай хүнээ тэр хүүхнээс холдуулж чадна. Эртхэн хүүхэдтэй болох минь яавдаа хэмээн Уянгаа анх удаа харамсан бодлоо. Хэрвээ тэгсэн бол Төгөлдөр нь хичнээн ч толгойгоо алдтал дурласан байсан, Уянгааг орхиж явж чадахгүй дээ. Тэр хүүхэнд шаралхах сэтгэл төрөх тусам Уянгаагийн нулимс өөрийн эрхгүй урсан гарч байлаа. Нүүр нь цонхийн цайрч, нүднээсээ нулимс чимээгүй урсгах бодолд дарагдах Уянгаагийн хажууд Төгөлдөр яах учраа олсонгүй. Ингэж гэмгүй байсан найзыгаа зовоож байхаар уучлал гуйгаад эвлэрэе, түүний гаргасан тэнэг аашд Уянгаа ямар буруутай билээ гэж хүртэл бодож амжив. Гэхдээ л хэлэх гэтэл Соёлоогийн нүдэнд дулаан зөөлөн урсгал харц санаанд тодхон буулаа. Юу л болвол болог, гэрийнхэн нь, Уянгаагийн гэрийнхэн найз нөхөд юу ч гэсэн Соёлоодоо өгсөн хайраа буцааж яасан ч чадахгүй хэмээн Төгөлдөр эрс шийдэв. Хэн ч түүнийг ойлгохгүй байх хамаагүй, харин Уянгаагийн өмнө дэндүү муухай зүйл хийсэн буруугаа ойлгож байна гэхдээ л Соёлоогоосоо буцаж чадахгүй ээ. Түүний сэтгэлийг галаар тэтгэсэн анхны хайр нь шүү дээ…Төгөлдөрийн нүүрийн сэмхэн ажиглаж суусан Уянгаа нүүрний хувиралыг нь сайтар харлаа. Нэг л зөөлөн болж байснаа харц нь хурц болж шийдэмгий дүртэй боллоо. Тэр шийдчихжээ, гэхдээ цонхигор царайтай байгааг нь үзвэл бодвоос Соёлоотойгоо байхаар шийдээ байлгүй. Тийм бол чи буруу тооцоолжээ хэмээн Уянгаа дотроо шазуур зуун бодлоо. Би чамайг мэдээгүй байсны нэгэн адил чи ч намайг мэддэггүй юм байна, би чамайг яасан ч тэр Соёлоо гэдэгт чинь алдахгүй шүү. Одоог хүртэл би тэмцэл дуусчихлаа гэж бодохгүй байна, нэгэнт л чамд итгэж, чамайг амьдралынхаа ханиар сонгосон хойно хэн нэгэн замд тохиолдолд хүүхэнд зүгээр уйлж зогсоод юм уу эсвэл би эмэгтэй, би бардам байна, гуйж явахгүй гээд өгөөд явуулчих юм уу. Гайгүй байлгүй, бусад хүүхнүүд л тэгдэг юм байгаа биз, харин би муугаар бодоход хуримын чинь өдөр хүртэл хамаагүй Төгөлдөрөө буцааж авах гэж тэмцэнэ дээ. Тэгээд ч Соёлоо өөрт нь уулзахгүй гээд ам өгсөн хойно, яг одоохондоо санаа учиргүй зовох зүйл алга. Соёлоо л байхгүй бол Төгөлдөр өөр дээр нь буцаад ирнэ, өөр хаашаа ч явахгүй. Ингэж бодоод Уянгаа аажимхан бослоо. Төгөлдөрөө би гэртээ харья даа, удахгүй чамайгаа хаалга тогшоод ороод ирнэ гэж хүлээж байя, би чамайгаа уучилнаа харин хурдан ирээрэй би санана шүү гэж Уянга аяархан хэлээд Төгөлдөрийн хацар дээр зөөлөн үнсэж, цүнхээ сандал дээрээс авч хаалга аяархан хаав. Төгөлдөрийн царай хувхай цайжээ. Тэрээр битгий яв ч гэж хэлж чадсангүй, үлдээч гэж хэлж бас чадсангүй сэтгэл нь тарчлан үлдлээ. Уянгаа чамдаа би бас хичнээн их дассан юм бэ, хэн нэгэн чамайг ингээд булаагаад авсан бол би юутай их сэтгэлээр унах билээ. Уянгаа намайг уучлаач, уучлаач дээ. Төгөлдөрийн үгийг хэн ч сонссонгүй, зөвхөн өөртөө хандан хэлсэн нь энэ байжээ… Төгөлдөрийн цонхигор царай юм хэлэх гээд өөртэйгээ тэмцэлдэн байгааг хараад Уянгаа тайвширлаа. Гадаа аль хэдийн харанхуй болсон аж. Соёлоогоос л холдуулж чадвал хойшид аливаад ухаантай улам хянуур хандаж байх юм шүү. Тэр бүсгүй яасан жаргалтай юм бэ, тэр яах гэж түүний хайртай Төгөлдөрийг нь эргүүлж байгаа юм. Өөртэй нь ижилхэн бүсгүй хүний сэтгэл цаана нь шархалж хоцорно гэж яагаад бодож үзээгүй юм бэ.Уянгаа энэ бүх хугацаанд дэндүү их биеэ барьж байсан сан. Одоо тэсэлгүй ганцаар асгартал уйлан сэтгэлээ онгойлгохыг оролдлоо. Өөр нэгэн бүсгүйг уйлуулан, зүрхийг нь шархлуулан байж найз залууг нь хөтлөн явж аз жаргалд умбах Соёлоо гэгчид тийм сайхан байна гэж үү. Яасан хатуу сэтгэлээр ингэж чаддаг байна аа, яасан ч тэгүүлэхгүй. Уянгаа уйлахаа больж, такси барихаар замын хажууд зогслоо. Одоо хэн сийрэг ухаан гаргасан нь хожих болно, Соёлоог Төгөлдөр олж уулзах л байх, харин Уянгаа тэрний цаад нүүдлийг олж харах юм шүү. Одоо уйлах ч юм уу, зүгээр хүлээгээд суух цаг биш. Одоо хариад тайван амрах хэрэгтэй.
Төгөлдөр нам унтахыг хүссэн боловч үнэхээр нойр нь хулжжээ. Зүрх нь яагаа ч үгүй байхад түгшүүртэй цохилж, цээжин дээр нь бараан зүйл тээгэлдэнэ. Хэд хэдэн удаа хоолойгоо зассан боловч цээжний шаналгаа арилсан нь үгүй юм аа. Шөнийн хоёр цаг хүртэл зурагт үзсэн ч бараг л ойлгосонгүй. Энд тэнд буу агссан хэдэн сүрхий нөхөд хэнийг ч юм суллахаар тэмцэлдэнэ. Шүүгээний дээр Уянгын орхисон шоколадны цаасыг аваад хаяж ч чадахгүй байлаа. Гэнэт өдөржин заал авсан мэт хамаг бие нь хөндүүрлэх мэт зовооно, зүрх шаналахад бие өвддөг нь мөн хачин аа. Шөнийн хоёр цаг өнгөрөөд Төгөлдөр нойрондоо дийлдэн эрхгүй унтлаа. Орой харанхуй болжээ. Уулын дээшээ өгсөх тусам улам л өгсүүр эгц болж байлаа. Эргэн тойрон харанхуйлах ойн дунд явахад салхины исгэрээг даган модны навчис сэрчигнэх чимээ нь цаанаа л нэг айдас хүрмээр. Тахир ургасан моддын мөчир хаа нэгтээ араас нь татах мэт боловч эргэж харахаас зүрхшээнэ. Бушуухан л уулын оройд гарчих юм сан. Ганцаараа байсан бол аль хэдийн уулын уруу буцаад гүйх сэн, харин одоо хажууд нь Соёлоо гарыг нь халуу дүүгүүлэн алхаж явна. Эргэн тойрноо хараад өөрөөс нь хамаагүй илүү айсан ч гэсэн, Төгөлдөрийг зовоохгүй гэсэндээ таг чимээгүй байж, харин ч зоригжуулах мэт гарыг нь чанга атган уул өөдөө мацсаар байлаа. Энэ уулыг уруудчихвал хотдоо ороод ирчихнэ, тэнд юунаас айх хэрэг байхгүй. Арайхийн хоёулаа уулын оройд гарлаа, тэнд хэсэг барилгын хажуугаар шөнийн хотын гудамж гийгүүлсэн гэрлүүд энэ холоос хүртэл эгнэн гялалзаж харагдана. Хурдхан явья, энэ барилгын хонгилоор цаашаагаа замаа товчлоод явчихая хэмээн Соёлоог хэлэхэд Төгөлдөр зөрөлгүй хөтлөлцөн урагшаа алхлаа. Харин Төгөлдөр дотроо бол энүүгээр явалгүй тойрч явмаар санагдаад байлаа. Цаанаа л нэг түгшүүртэй совин дотор нь төрөөд байх шиг. Өндөр таазтай, дан хүйтэн цементээр барьсан том цэлгэр эзэнгүй барилга, уулын цаадруу, бас өөр олон тийшээ салаалсан тас харанхуй хүйтэн цементэн хонгилуудтай, тэдэн дээр нь цаашаа нэвт гарсан ганцхан хонгилийн шөнийн бүдэг гэрэл тусан сүүмэлзэнэ. Тэрхүү хонгилоор жаахан явах төдийд л хэрэггүй явсанаа ойлгож эхэллээ. Нэг л битүү айдас тэр хоёрыг нөмрөн авч, буцаад гарах гэсэн боловч эргэж нөгөө замаараа явахаас тэр бүү хэл эргэж харахаас яагаад ч юм учиргүй айж, бушуухан хурдан хурдан алхалж эхлэв. Харанхуй цэлгэр хонгилд тэр хоёрын яаран алхах гутлын чимээ цуурай үүсгэн нүргэлэн сонстох нь сэтгэлд улам их жихүүцэл төрмөөр.Цаанаа л нэг муу совин татаад байсан нь үнэн болох нь тэр. Энд тэндгүй нижигнэх сулхан чимээ гарч тэрхүү чимээ улам ихсэн чангарч байлаа. Төгөлдөр өөрийн эрхгүй Соёлоог хөтлөн хурдлан гүйж эхэллээ. Харамсалтай нь аль хэдийнэ замыг нь хааж хэдэн хүн гарч зогсох нь тэр. Төгөлдөр зог тусан Соёлоогоо нэг гараараа тэврэн авлаа. Одоо яанаа. Бүдэгхээн гэрэлд ойртон ирсэн хүмүүс нь арваад учир битүүлэг залуучууд байх бөгөөд бүгдээрээ цаанаа л нэг зэвүүцмээр харцтай ажээ. Төгөлдөр яахаа мэдэхгүй сандран гарынх нь алга нь хөлөрч эхлэв. Эдгээр залуус яагаад энд байгааг мэдэх ч юм алга. Гэтэл тэд нэгэн зэрэг тушаал авсан уу гэлтэй Төгөлдөрлүү дайрч, хаа нэгтээ чирэн одохоор тал талаас нь зууралдана. Төгөлдөр Соёлоог тэвэрсэн гараа суллаж чадлынхаа хирээр эсэргүүцэн нэгийг нь цохиж, нөгөөг нь өшиглөнө. Хашхирах ч тэнхэлгүй цочирдсон Соёлоог тэднээс зууралдахад нэг нь хүчтэй түлхэн хажуу тийш нь өнхөртөл нь унагаан замаасаа зайлууллаа. Төгөлдөр хичнээн ноцолдовч аль хэдийн нэг гарыг нь нэг залуу, нөгөө нь хоёр залуу барин авлаа. Төгөлдөр Соёлоо руу хандан эндээс хурдан зугт хэмээн хамаг чадлаараа хашхирав, юу болж байгааг ойлгох ч тэнхээ алга, гэхдээ эндээс Соёлоо зугтаах ёстой.Гайхалтай нь тэдгээр залуус Төгөлдөрийн гараас нь тас барьж, босох ч завдал өгсөнгүй газраар чирэн өөр харанхуй хонгилын зүг явцгаалаа. Соёлоог юман чинээ тоосонгүй. Төгөлдөрөө одоохон би цагдаа дуудна, одоохон цагдаа дуудаад хамт ирье хэмээн Соёлоо хойноос нь зангирсан хоолойгоор хашгираад эргэн хурдан гүйлээ. Хэн ч байхгүй харанхуй хонгилоор Соёлоо орь ганцаараа хурдлан гүйлээ, зөвхөн түүний гүйх чимээ л өөрт нь сонсогдоно. Туслаарай, хэн нэг нь Төгөлдөрт минь туслаач дээ хэмээн хамаг чадлаараа хашгиран урт хонгилоор гүйв. Яг л аймшгийн кинонд гардаг шиг тийм ганцаардмал харанхуй хонгил, хэн ч хаанаас гараад ирж магадгүй хүйтэн хөндий хонгил. Урд нь Соёлоо ийм газар ганцаараа байсан бол аягүй бол айсандаа галзуурч ч магад. Гэхдээ одоо хэн нэгнээс заавал тусламж авахгүй бол Төгөлдөрт нь муу зүйл тохиолдох гээд байна, энэ хонгил түүнд одоо огт аймшигтай биш. Соёлоо гүйсээр гадаа гарлаа. Өөдөөс нь түнэр харанхуй угтах аж. Тээр дээр хань болж харин сар бүдэгхэн цагаан шаргал гэрлээрээ гийгүүлнэ. Өмнө нь аймшигтай исгэрэн шуугисан харанхуй ой модод, эгц буусан уулын уруу хүлээж байлаа. Уул уруудаад буучихвал цагдаа олдоно, тэгээд түүнтэй цуг Төгөлдөр дээрээ оччихно. Бушуухан уулаас буух хэрэгтэй, шөнийн салхи, түнэр харанхуйд ганцаархнаа байгаа нь түүнд аймшигтай биш. Харин Төгөлдөртөө туслаж чадахгүй байгаа нь л тун аймшигтай. Соёлоогийн зүрх дэлбэрэх мэт цохилж өөрт нь хүртэл түг түг хэмээн хүчтэй сонсогдоно. Соёлоо ухасхийн ойн гүнд гүйн орж нүүр хүзүүгээ урах модны мөчирыг огт хайхралгүй урагшаа тэмүүлнэ. Тун удалгүй уулын оройн тэндэх зэлүүд барилгын дэргэд Соёлоо гарч ирлээ. Хажууд нь түрүүхэн зам дээр зогсон, хажуугаар өнгөрөх машиныг хий дэмий зогсоон шалгаж байсан замын цагдаа дагалджээ. Соёлоо, Соёлоо чи минь хүрээд ирсэн гэж үү. Энэ шөнийн харанхуй ойгоор ганцаархнаа явахаас айсангүй. Тэгээд бүүр цагдаа дагуулаад Төгөлдөрийгөө гээд буцаад хүрээд ирсэн байна. Хэн нэгэн өөр бүсгүй байсан бол уйлж тэвдэж яах л байсан бол доо. Харин Соёлоо нь ганц ч нулимс урсгасангүй, тэвдэж сандарсангүй. Төгөлдөрийг гэсэн халуун сэтгэлээрээ энэ бүх хэцүү давааг ганцаараа туулаад цагдаа олоод ирчихсэн түүнийг хайж байна. Төгөлдөрийн нүдэнд өөрийн эрхгүй нулимс хурж, цээжнийхээ гүнээс уярлаа. Соёлоогийн түүнд зориулсан хайр ийм хязгааргүй байжээ. Ай Соёлоо минь, хайр минь дээ.Хүчтэй мэгшин уйлах чимээнээр Төгөлдөр цочин сэрлээ.Тэр зүүдэлсэн байжээ, энэ бүхэн зүүд байсан байна. Ашгүй дээ, ашгүй… Халуун оргиулан урсах нулимс нь хацрыг нь даган зам татуулан урсаж, дэрэнд нь наалдан шингэж байлаа. Төгөлдөрийн сэтгэлийг түрүүний аймшиг, хайр уярал эзэмдсээр байлаа. Тас харанхуй дундаас сар өөрийн бүдэгхэн шаргал гэрлээрээ Төгөлдөрийн өрөөг гийгүүлнэ. Төгөлдөр нэг гараараа хацраа шувтран арчаад, санаа алдан гараа зөрүүлж дээшээ харан хэвтлээ. Нойр нь сэргэчихжээ, цагаа харвал дөнгөж үүрийн таван цаг өнгөрч байлаа. Саяын зүүдээ бодох тусам болсон юм шиг бодогдоод, ийм л хүн дээ хэмээн бахархах сэтгэл Төгөлдөрт төрнө. Бушуухан өглөө болоосой, гэрээсээ найман цаг гэж гараад Шаргаморьтын зусланг бүхлээр нь нэгжинэ дээ. Хэсэг хэсгээр нь хувааж хайна, өнөөдөр эс оловч маргааш заавал олно бушуухан өглөө болоосой. Соёлоогоо энгэртээ тэврээд түүндээ өөрийнхөө зүүдийг бүгдийг нь ярьж өгөөд, жаахан хүүхэд шиг эгдүүтэй инээхийг нь хараад л сууж байх юм сан. Бушуухан өглөө болоосой.Төгөлдөр сэрсэн дороо үсрэн боссонгүй хэсэг орондоо эргэж хөрвөөж байгаад зургаа болж байхад бослоо. Гэрийнхэнээс нэг нь ч босоогүй унтсаар. Цайгаа уучихаад явбал зүгээр юм хэмээн бодсон боловч хүсэл төдий л төрөхгүй болохоор нь хүйтэн ус залгилчихаад,хувцасны шүүгээгээ онгойлгон өмдөө авч индүүдэж эхэллээ. Өнөөдөр ямар ч байсан Соёлоогийн гэрийг олно, хайгаад уулзахаар царай алдсан юм байвал Соёлоод таалагдахгүй байх хэмээн бодоод өөртөө л өнгөтэй зохидог гэж боддог хувцасаа өмсөв. Хувцсаа өмсчихөөд цагаа харангаа зурагтын мэдээ аван дэмий гарчиглалаа. Цаг дөнгөж 6,40. Гэтэл нэгэн зар түүний сонирхлыг ихээр татав. Төгөлдөр жаахан эргэлзэж байгаад гэрийнхээ утсыг авч залгалаа. Байна уу зүүдний тайллаа асуух гэсэн юм хэмээн хэлэхдээ Төгөлдөрийн санаа зовж бараг л ичих шиг боллоо, жаахан хүүхэд шиг ч юм болов уу даа. Хорин дөрвөн цагаар тасралтгүй ажилладаг лавлах утасны эелдэгхэн бүсгүйн хоолой түүнд одоохон хэмээн хариулаад, бараг л тэр дороо хариуг нь уншиж өглөө. Тиймээ шинэ амьдрал эхлэх шийдвэр гаргах юм байна хэмээн зүүдний тайлал түүнд өгүүлж байна. Төгөлдөр гадаа гарахад өнөөдөр нилээд халуун өдөр болохыг илтгэсэн өглөөний нар төөнөж эхлэж байлаа. Гэрийнхээ хажуугийн дэлгүүр орж Соёлоодоо зүрхэн хэлбэртэй Мерси шоколад, өөртөө бас жаахан юм аваад замын хажуугаас таксинд суун Шаргаморьт зусланруу явлаа. Соёлоогийн ярианаас гүүр даваад уулын энгэрт ногоон байшин байгаа хэмээн бүдэг бадаг ойлгосон нь одоо өөрт нь хэрэг болох юм гэж бодсонгүй. Өглөө эрт болохоор замын элдэв түгжрэлгүй хурдан явсаар зуслан ирлээ. Гүүрний тэнд хүрч очоод буутал хэрэг явдал өөрийнх нь бодсон шиг тийм амархан байсангүй ээ. Төгөлдөр өөрийн эрхгүй гүн санаа алдлаа. Нүднийх нь өмнө эрээлжлэх олон зуун байшингийн бараг ерэн хувь нь ногоон өнгөтэй байх ажээ. Азаар Соёлоо гар утсаа нээчихсэн байгаа юм биш биз хэмээн залгаж үзвэл бас л унтраастай хэвээрээ. За яахав надад уурлаад утсаа салгасан юм байж, бусад найз нөхөд нь ярих нь хамаагүй юм байхдаа хэмээн бодсоор уулын энгэр өөд зүглэн явлаа. За хөөрхий айл айл дамжаад асуугаад явъя гэхэд ядаж тэр гуайнх хаана байдаг юм гэж хэлэх аавынх нь нэрийг мэдэхгүй, Соёлоог асууя гэхэд гадаадад байж байгаад ирсэн болохоор ойр хавийнхан нь сайн мэдэхгүй байх магадлалтай . Жаахан хэцүү л юм, гэхдээ яахав хэмээн бодсоор уулын баруун энгэрээс нь эхлэн дээрээс нь доошоо хайхаар шийдлээ. Эхний ногоон байшинтай айлын гадаа нь дөнгөж босоод л бяцхан машин барин гүйж яваа зургаа долоон насны орчим хүүгээс танайд Соёлоо гэж эгч бий юу хэмээн асуулаа. Бяцхан хүү хамраа шудран арчиж үгүй байхгүй хэмээн хариуллаа, ойр хавийн айлд нь байгаа болов уу хэмээн асуутал үгүй хэмээн хашгираад үгийн зөрүүгүй гүйж одов.Төгөлдөр уулын өөд уруу явж бараг тавиад ногоон байшингаас Соёлоог хайгаад, ам цангахаар нь цүнхээ уудлан лаазтай ундаа гарган ууж цагаа харлаа. Арван нэгэн цаг дөхөж байна. Эрэл нь нэг л бүтэлгүй, зарим байшингаас хүн гарч ирэхийг нь хүлээнэ, зарим нь аав ээж нь хэн гэдэг, хэдэн жил зуслан гарсан зэрэг далан долоон зүйл асууна. Уулын энгэрт нилээн дээшээ сууж жаахан ундаа ууж суусан Төгөлдөр нүдэн баримжаагаар тэр олон байшинг тоолох гэж оролдох зуур өөрт нь нэгэн мэргэн санаа гялс хийн төрлөө. Утсаа аван бушуухан Туякаруу залгалаа. Тэр чинь Соёлоогийн найз нь гэр нь хаана байдгийг нь сайн мэдэж байгаа, тэгээд ч зав ихтэй байдаг юм чинь. Дийд дийд. Сайн уу Туяка сайхан амарч байна уу хэмээн асуулаа. Соёлоо бид хоёр зусланд нь хамт байна, чи хүрээд ирэхгүй юу хэмээн хэнэг ч үгүй залж орхив. Туякаг саяхан сэрсэн өдөр очно гэхийг сонсоод Төгөлдөр гэрийг нь заах гэж оролдов. Яагаав гэрийг нь санаж байгаа биздээ, Шаргаморьтын гүүр өнгөрөөд цаад уулын энгэрийн тэндэх гэтэл угийн адгуу яаруу зантай Туяка өлгөж аваад л мэднээ мэднэ, уулын баруун энгэрийн хашаатай хоёр давхар цэнхэр алаг байшингийн цаадах ногоон байшин, тэр тэмээнээс тэмдэгтэй байшин будгаа өөрчлөөгүй л бол би юу гэж төөрдөг юм хэмээн хэллээ. Төгөлдөр ёстой л элсэн цөлд цангасан хүн ус олсоны дайтай л баярлалаа, тэгвэл өдөр ирээрэй хэмээн бушуухан хэлээд үсрэн босч газраас цүнхээ шүүрэн авч хөл нь хөнгөрөн, тэртээд нарны тусгалд гялалзах шахуу харагдах өндөр байшинруу дүүлэх мэт гүйж гарав.Дөхөж очоод амьсгаагаа даран харвал зүүн талд нь үнэхээр нэгэн ногоон байшин байх бөгөөд саяхан зочид ирсэн бололтой хөл хөөрцөг болсон олон хүн байлаа. Төгөлдөр шууд явж очоод Соёлоог асуух гэхээр нэг л зүрх хүрэхгүй зогсон түр амьсгаагаа дарав. Ашгүй усан буу барьсан жаахан хүү гэрээс үсрэн гарч байшин тойрон гүйж эхлэхээр нь Төгөлдөр хойноос нь гүйсэнд, нөгөөх нь түүнийг хараад улам ч хөөрөн баясаж газрын уруу зугтаж гарлаа. Хэдхэн алхаад Төгөлдөр түүнийг гүйцэн барьж дээр өргөөд Соёлоо эгч нь гэртээ байгаа юу хэмээн асуутал жаал хүү байгаа хэмээн хэмээн инээд алдаад барьж байсан усан буугаараа нүүр өөд нь буудаж орхилоо. Цочсон Төгөлдөр аан чи яана гэнээ хэмээн хүүг буулгатал цаахна талд нь чихэнд хоногшсон инээд сонстлоо. Соёлоо хэмээн хартал голын ус хоёр саваар дүүргэн барьсан Соёлоо усаа газар тавиад, нүүр дүүрэн усаа гарынхаа араар арчиж байгаа Төгөлдөрийг харан тас тас хөхрөн шоолж байлаа. Цэнхэр подволк, цагаан шорт өмсөөд хөлдөө жирийн л нэгэн углааш өмссөн Соёлоо түүнд хичнээн хөөрхөн харагдана вэ.Соёлоо Төгөлдөртэй энд тэнд уулзах юм бол яах бол гэж хэд хэд бодож үзсэн билээ. Уурлах бол уу, эсвэл дуугарахгүй байж чадах болов уу гээд л. Төгөлдөр Соёлоогийн хувинтай усыг нь асгаад гартаа барьж, Соёлоо хоёулаа дахиад усанд явчихаад ирье хэмээн гуйлаа. Соёлоо эргэлзсэнгүй зөвшөөрч тэртээ доор харагдах голыг зорин түрүүнд нь орон алхав. Төгөлдөрөө чи яаж манай гэрийг олсон юм бэ, би чамайг холоос хараад мөн байхаар нь их гайхлаа хэмэн Соёлоо асуулаа. Туяка өөрөө мэдэлгүй жаахан тусласаан гээд Төгөлдөр яаж хайснаа нэгд нэгэнгүй хэлэв. Тэр хоёр алхсаар голын эрэгт очин, зүлгэн дээр сууцгаав. Төгөлдөр цүнхээ нээж авчирсан мерсигээ Соёлоод өгсөн чинь Соёлоо авахаас эрс татгалзлаа. Үгүй ээ одоо ахиад чамаас ямарч бэлэг авмааргүй байна гэх нь тэр. Би уул нь чамтай дахиад уулзахгүй гэж бодож байсан юм, гэхдээ чамайг манайхыг хайгаад олоод ирнэ гэж үнэхээр бодож байсангүй л дээ. Чамайг ирсэнд сэтгэл минь үнэхээр сайхан байна, гэхдээ би яасан ч үерхэж байгаа хүний голоор нь орж эмэгтэй хүнийг зовоохгүй ээ. Ихэнх хүн хайртай гээд ямар ч аргаар хамаагүй хамт байхыг боддог байх, би харин тэгж Уянгааг зовоож чадахгүй юм байна. Надаас болж бүсгүй хүн гуниг дүүрэн амьдраасай гэж яасан ч хүсэхгүй хэмээн Соёлоо Төгөлдөрт хэллээ. Соёлоо өөрийнхөө шийдвэрт итгэл төгс байхыг Төгөлдөр ажжээ.Төгөлдөр шоколадаа задлан өгч зүгээр энийг авчих л даа, чамд авчирсан юм, хэрвээ авахгүй бол би эндээс явахгүй шүү хэмээн тунирхсаар байгаад хоёулаа хуваан идэж эхэллээ. Соёлоо чи ойлгооч дээ, зөвхөн кинонд биш бодит амьдрал дээр ч гэсэн ийм богинохон хугацаанд бие биедээ дэндүү хайртай болдог л юм байна. Чамайг анх харсан өдрөөсөө эхлээд би дотроо үгүйлж эхэлсэн. Ёстой л анхны харцаараа дурлана гэдэг болсон доо. Одоо би ирээдүйгээ, тэр битгий хэл өнөөдрөө ч гэсэн чамгүйгээр төсөөлж чадахгүй болсон. Уянгаа надтай уулзсаан, би буруутай ч гэлээ түүнд чамд хайртай гэдгээ хэлээд л явуулсан. Бид хоёр бие биедээ хайртай шүү дээ, бусад хүн хэн нь юу гэх ямар хамаатай юм бэ, бид л бие биеэ ойлгоод хайрлаж байвал бусад нь гэсэн аяндаа ойлгоно шүү дээ. Битгий ингэж зугт л даа, хүн зүрхээ гаргаад хаяж л чаддаггүй юм бол зугтаж амьдарна гэж байхгүй биздээ. Соёлоо би чамд хайртай намайг ойлгооч дээ…Соёлоогийн сэтгэл нь уужраад ирэх шиг боллоо, Төгөлдөрт өөрөө ч гэсэн хайртай, түүнээсээ ийм үг сонсох хичнээн сайхан. Гагцхүү хайр гэдэг заавал хамтдаа байсан цагт аз жаргал сайн сайхныг амсуулдаг гэжүү. Төгөлдөрийг зүгээр бодоход ч гэсэн хичнээн сайхан байдаг билээ дээ. Одоо хэлсэн үгийг нь санах төдийд л хэдэн өдөр баяр цэнгэл дүүрэн явах болно шүү дээ. Хамт байхгүй ч гэлээ хайрласаар л байх болно. Бид л хайртай гээд бусдын сэтгэлийг үгүйсгэвэл Соёлоо өөрөө сэтгэл амар байж чадахгүй нь лавтай. Төгөлдөрөө чи сонс доо, олон жил үерсэн найз бүсгүйгээ орхиж яасан ч болохгүй ээ, адилхан бүсгүй хүнийг нэгийг нь баярлуулаад нөгөөхийг нь зүрхийг нь зүстэл гомдоох нь зөв хэрэг гэж үү. Би тэгж бодохгүй байна. Чи бид хоёр бараг үерхэж эхлээчгүй байгаа шүү дээ. Би чамтай хамт байж чадахгүй нь ээ, чи Уянгаа дээрээ эргэж очих ёстой. Би үүнийг хүсэж байна. Соёлоо алгуурхан босож голын эргээс усныхаа хоёр савыг дүүргэж эхэллээ. Төгөлдөртэй одоо ярих зүйл байхгүй гэж ойлгуулах гэсэн дээ л саваа хурдан гэгч нь дүүргэхээр шамдлаа. Хайртай болохоороо өөрөөс нь хол байсан ч гэлээ, Төгөлдөрийгөө сэтгэлдээ хайрлаад сэтгэл дүүрэн явж болох байлгүй дээ. Эр хүн гэхээр сэтгэл нь өвдөхгүй байдаг юм уу, эр хүнд зүрх гэж байдаггүй хэрэг үү. Надад ч гэсэн хэцүү байна, гэхдээ би хайртай хүнтэйгээ хамт баймаар байна. Чи ч гэсэн надтай хамт баймаар байгааг чинь мэдэж байна.Хэн хэн нь сэтгэлийн зовлонтой тус тусдаа байж юу хийх юм бэ, би амьдралын сайн сайхан, аз жаргалыг амсмаар байна. Сэтгэлийн шаналалгүй чамтайгаа хамт байхыг хүсч байна. Хоёулаа жаргалтай байж болох байтал юундаа ингэж зөрүүдлээд байгаа юм. Уянгаагаас болсон тийм үү, тэгвэл Уянгаа одоо чамд хайртайг минь мэддэг болсон. Чи надаас салаад би Уянгааг бодоод эргээд нийллээ ч гэлээ, хэн хэн маань жаргалтай байж чадахгүй шүү дээ. Уянгаа дахиад надад итгэхгүй хардаж сэрдэх болно, харин би хайртай хүнээс маань салгасан гэж бодож бүр үзэн яддаг болчихвол яана. Соёлоо чи бид хоёр сайхан амьдралын төлөө тэмцэж амьдрах ёстой, хайртай хосыг салгах нь арван хар нүглийн хамгийн хүнд нүгэлд ордог юм гэж эмээ маань хүртэл хэлж байсан юм шүү.Төгөлдөр яаж энэ бүхнийг нэг амьсгаагаар хэлсэндээ өөрөө ч хүртэл гайхшран дуугүй боллоо. Соёлоо өөрийн эрхгүй савтай усаа газар алдан зогслоо. Тэр түүнд хайртай, тэр ч бас түүнд хайртай. Төгөлдөрөө хэмээн хашгираад Соёлоо ухасхийн дэргэд нь очиж Төгөлдөрийн хүзүүгээр тэврэн авч, энгэрт нь нүүрээ наалаа, би ч бас хайртай хэмээн шивнэх Соёлоогийн бүлээн нулимс Төгөлдөрийн зуны нимгэн цамцыг нэвтлэн зүрхэнд хүрч урсана. Төгөлдөрийн сэтгэл шимшрэн Соёлоог дахин алдчихвий хэмээсэн мэт ар нуруугаар нь тас тэврэн зогслоо. Соёлоогийн салхинд хийсэх үснээс нь тэр гэж тодорхойлох аргагүй сэнгэсэн сайхан үнэр үнэртэнэ. Юу л болвол болог, хэн юу гэх нь хамаа алга Төгөлдөрийгөө хичнээн их саналаа даа Хоёулаа манайд очиё. Соёлоогийн нүдэнд нулимсны сүүлчийн дусал гялтганах боловч нүүр нь гэрэлтэн гийж, инээмсэглэл тодорчээ. Яах юм бэ, эвгүйцээд байна дараа нь заавал орно. Харин чи гараад ир л дээ, доор хоолны газар зөндөө байна лээ. Усаа аваачиж тавьчихаад бууж хоол идье, найз нь өглөө цай ч уулгүй гараад ирсэн гээд Төгөлдөр Соёлоогийн хацар дээр зөөлхөн үнслээ. Соёлоогийн хацар тэр дороо л улаа бутраад явчихав, үг зөрөхийн ч аргагүй зөөлрөөд явчихлаа. Чи үнэхээр дараа гэж байгаа бол тэгье ээ, усаа тавьчихаад гараад ирье, харин дараа ирээд заавал ороорой. Би чамд өөрийнхөө хамгийн гоё хийдэг чинжүүтэй салатаа хийж өгнө өө. Тэгээрэй их амттай болох байх би бүгдийг нь дуустал нь иднээ гээд Төгөлдөр хоёр хувинтай усаа дүүргэн бариад, Соёлоогийн гэрлүү алхлаа. Нар тогтуун ээгээд эргэн тойрон бяцхан цэнхэр, шар цэцэг алагласан ногоон нуга, сэлбийн голын хоржигнон урсах чимээ цаанаа л нэг сэтгэлд дулаахан. Төгөлдөрийн сэтгэл тайван амгалан, аз жаргалаар дүүрэн байлаа, хажууд нь Соёлоо нь түрүүхэн шидлээд байсан мерсигээ бариад, идчихсэн шоколадныхаа цаасаа шаржигнуулан атгаад инэмсэглэн алхална. Бурхан минь энэнээс илүү аз жаргал гэж байна уу даа. Соёлоогийн гэрийнх нь ойрхон очоод Төгөлдөр зогслоо, удаан хүлээлгэсэнгүй Соёлоо жижигхэн цүнх барьсаар гүйн гарч ирлээ. Манай нэг найз энд ойрхон гардаг юм тэднийд очьё гээд гараад ирлээ гээд гүүр уруудан алхлав. Энийг хардаа би гар утсаа асаачихсан, одоо дахиж хааж байхгүй ээ.Уянгаа өглөө эртлэн сэрлээ, ингээд л хагас бүтэн сайнд нойр хүрдэггүй юм. Ажилтай өглөө бол таван минут ч гэсэн унтах юм сан гээд мөрөөдөөд байдаг. Тэр даруйдаа босох гэж яарсангүй, альбомоо аваад эргээд орондоо орон тухлан хэвтлээ. Төгөлдөрийг ярих болов уу гээд гартаа утсаа атгасан чигээрээ амьдарч байдаг. Бараг минут тутам хараад хүлээгээд байдаг, сэтгэл дагаад ч тэр үү чихэнд танил ая эгшиглэхэд баярлан хартал утас нь огт дуугараагүй тохиолдолд хоёр ч гарсан билээ. Төгөлдөр ярихгүй гэж шийдэж дээ. Арай нөгөө Соёлоо нь хэлсэн үгээ буцаад. Арай ч тэгэхгүй байх гэж найдаж байна. Ёстой л хайрлаж суугаад алдана гэдэг чинь харгүй явсаны харгай даа гээд дуулдаг ардын дуу шиг юм болохнээ. Уянгаа альбомоо эргүүлэн эхнээс нь үзэж суулаа. Уянгаа гэрийнхэн, найз нөхөдөөсөө тусдаа альбом зөвхөн хоёр биедээ зориулан гаргаад, өөрснийхөө зургуудыг оноос он дамжуулан хадгалж ирсэн сэн. Жаахан байхаасаа эхлээд авахуулсан зураг, аравдугаар анги төгсөөд авахуулсан зураг, тэгэхэд аль хэдийн үерхдэг болчихсон байж билээ. Төгөлдөр нь түүний нүдэн дээр хайрыг булаасан залуу болж өсч байлаа, тиймээ түүнийгээ хайрлахгүй байхын аргагүй ээ. Тэр хоёр одоо салсанд зөвхөн тэр Соёлоо гэгч буруутай…
No comments:
Post a Comment